Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион
байгуулах тухай Монгол улсын Засгийн газрын 2009 оны 214 дүгээр тогтоолыг
хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөрөнгө оруулагчдын Хангайн бүсийн чуулга уулзалтыг
2010 оны 6 дугаар сарын 24-25 ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод зохион
байгуулав.
Чуулга уулзалтанд Улсын их хурал, Засгийн газар, гадаадын
хөрөнгө оруулалтын газар, Бүсчилсэн хөгжлийн
Үндэсний хорооны ажлын алба, Хангайн бүсийн зөвлөл, Бүсийн аймгуудын удирдлага,
бизнес эрхлэгчид болон гадаадын хөрөнгө оруулагчид, сонирхогч байгууллагуудын
төлөөлөгчид оролцлоо. Чуулга уулзалтыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны
сайд Г.Занданшатар нээж “Хангайн бүсийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал
давуу тал, боломж”, илтгэлийг Хангайн бүсийн зөвлөлийн дарга, Өвөрхангай
аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, “Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын
өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, боломж”-ийн талаар Гадаадын хөрөнгө
оруулалтын газрын дарга Б.Ганзориг нарын илтгэл болон Архангай, Баянхонгор,
Хөвсгөл, Булган, Орхон аймгийн удирдлага бизнес эрхлэгчдийн хавсралт
илтгэлүүдийг хэлэлцэж, чуулга уулзалтанд оролцсон гадаад, дотоодын төлөөлөгчид
үг хэлж, санал солилцлов. Монгол Улсад суугаа Англи, Казахстан, Франц улсын
элчин сайд холбогдох яам, гадаадын 12 орны 36 төлөөлөгчид зэрэг 300 гаруй хүн
оролцлоо.
Хөрөнгө оруулагчдын Хангайн бүсийн уулзалтан дээр тавьсан
илтгэлүүдэд хийсэн дүгнэлт, дэвшүүлсэн зорилтууд болон хүмүүсийн гаргасан
санал, хүсэлтийг тусган Хангайн бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн
тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, бүсийн хөгжлийн хөтөлбөрийн тэргүүлэх
зорилтуудыг хэрэгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх
зорилгоор тус чуулга уулзалтаас зөвлөмжийг гаргалаа.