Т.Болдбаатар: 2016 оны олимпд 11 төрлөөр оролцох тамирчид бэлтгэлдээ гарсан

8-р сарын 31 - 10 цаг 16 минут

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2016 оны Олимпын наадам ойртож байна. Манай тамирчдын хувьд энэ жил Олимпын эрх авах, оноо цуглуулах хариуцлагатай жил болж байна. Одоогийн байдлаар Олимпын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

-2016 оны олимп Өмнөд Америкийн Рио де Жанейро хотод болно. Энэ жил манай тамирчдын хувьд олимпын эрх авах оноо цуглуулах чухал жил болж байгаа. Монгол улсын шигшээ багийнхан манай яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв дээр бэлтгэл хийж байгаа. Одоогоор 150-иад тамирчид, дасгалжуулагчтай орон тооны баг хичээллэж байгаа. Харин орон тооны бус бэлтгэл хангаж байгаа 180 орчим тамирчид, дасгалжуулагчид байгаа. Орон тооны бэлтгэл хангаж байгаа хүмүүсийн 20-иод нь багш дасгалжуулагч, 120 гаруйн мэргэжлийн тамирчид байгаа. Тэд спортын 18 төрлөөр хичээллэж байгаа. Тодруулбал, Паралимпийн таван төрөл, Риогийн олимпын 10 төрлөөр хичээллэж байгаа. Мөн шатрын шигшээ багийнхан бас бэлтгэл хийж байгаа. Одоогоор олимпын эрх авах тэмцээнүүд эхнээсээ эхлээд явж байгаа. Жүдо бол оноо цуглуулна. Бусад төрлүүд нь тэмцээнүүдээс эрхээ авна. Одоогийн байдлаар Паралимпийн 3 тамирчин, олимпын 3 тамирчин эрхээ авчихсан байгаа. Ирэх жилийн 4 сарын сүүл хүртэл олимпын эрх авах тэмцээнүүд болно.

-2012 оны Олимпын наадам газарзүйн байрлалын хувьд Монголчуудад олон давуу талыг бий болгож байсан бол Риогийн Олимп эсрэгээрээ олон сул талыг бий болгох байх?

-Өмнөд Америкийн Рио де Жанейро хот бөмбөрцгийн нөгөө талд оршдог хот учраас жаахан хүндрэлтэй байгаа. Гэхдээ олимп тэндхийн өвлийн улиралд болно. Хэрэв зуны улирал таарсан бол тэнд 40 градус хүрч халдаг. Харин өвлийн улирал нь 20-иод градус хүртэл халуун байдаг учраас манай тамирчдад нэг их хүндрэл гарахгүй байх гэж бодож байна. Цагийн зөрүүний тухайд манайхаас 13 цагийн зөрүүтэй. Спортын чиглэлийн анагаах ухаан хөгжсөн орнуудад цагийн зөрүүг яаж арилгахыг тогтоочихсон байдаг. Ингэхдээ нэг цагийн зөрүүг нэг хоногоор тооцоод 13 хоногийн өмнө манай тамирчид тэнд очиход цагийн зөрүү бүрэн арилна гэсэн үг.

-Риогийн Олимпд хэчнээн төрөлд өрсөлдөнө гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргаад байгаа вэ?

-Хуучин манай улс топ 4 төрөл гээд дөрөвхөн төрөлд өрсөлддөг байсан. Ирэх Олимпоос эхлээд бид аль болох олон төрлөөр оролцох бодолтой байгаа. Одоо бэлтгэл хийж байгаа 10 төрлийн аль ч төрлөөр манай тамирчид олимпын эрх авах боломжтой.

-Ямар ямар 11 төрөл байгаа вэ?

 -Чөлөөт бөх, Жүдо, бокс, буудлага, байт харваа, таеквондо, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, гимнастик, цана гэсэн төрлүүдээр шигшээ багийнхан бэлтгэлээ хийж байгаа.

 –Манай улс багийн спортоор Олимпын эрх авах боломжтой юу?

-Манай багийн спорт олимпын эрх авах хэмжээнд хүртэл арай хөгжөөгүй байгаа. Гэхдээ одооноос багийн спортыг дэмжиж ажиллах ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Удахгүй багийн спортыг хөгжүүлэх ажлууд шат дараатайгаар хийгдээд явна.

-Яамны зүгээс шигшээ багийн тамирчдад санхүүгийн ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?

 -Яг одоо бэлтгэлд гарсан тамирчдад 2015 онд гэхэд л 4.4 тэрбум төгрөгийн төсөв зарцуулагдаж байгаа. Энэ төсвийг нь бид яаман дээрээ хэлэлцээд засгийн газар дээр төлөвлөөд их хурлаар батлуулаад Биеийн тамир спортын хөгжлийн төвд өгөөд тэд нар тамирчиддаа зарцуулаад ажилладаг. Манай яамны зүгээс тамирчдыг олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцуулж дадлага, туршлагатай болгох үүднээс энэ онд нийтдээ 15 олон улсын чанартай тэмцээн уралдааныг Монголдоо зохион байгуулж байгаа. Энд нийтдээ тэрбум 200 сая орчим төгрөг зарцуулагдсан. Ирэх 2016 онд бид тэрбум 400 сая орчим төгрөгийг олон улсын чанартай тэмцээнд зарцуулахаар төлөвлөж байгаа. Өнгөрсөн долоо хоногт спортын 17 холбоо ирэх онд зохиох тэмцээнүүдийнхээ саналыг төсөвтэйн ирүүлсэн байгаа.

 -Санхүү сайн бол амжилт ахина гэсэн ойлголт хир ортой вэ?

-Тамирчдын амжилт гаргах эх үүсвэр нь цэвэр санхүүтэй холбоотой гэдэг нь батлагдсан гэж хэлж болно. Учир нь 2007, 2008 онд шигшээ багийн санхүүжилтэд зориулсан хөрөнгө анх удаа ихсэж 2 тэрбумд хүрсэн юм байна лээ. Яг энэ үеэс Монгол Улс анхны олимпын аваргатай болсон.

-Олон улс болон Олимпын наадмаас медаль авсан тамирчид насан туршдаа сар бүр цалин авдаг болсон. Одоогоор улсаас медалийн өнгийг хэдэн төгрөгөөр үнэлж байна вэ?

-Спортын хөгжилд нөлөөлж хүүхэд залуучуудыг спортод дуртай болгож тамирчдыг амжилт гаргахад нь түлхэц болж байгаа хамгийн том хүчин зүйлүүдийн нэг бол ерөнхийлөгчийн урамшуулал олгох зарлиг байгаа. Олимпын аварга 4 сая, мөнгөн медаль 3 сая, хүрэл медаль 2 сая төгрөгийг сар бүр цалин болгож авдаг болсон. Нэг удаагийн урамшуулал нь Олимпын аварга 120 сая, мөнгөн медаль 60 сая, төгрөгийг авч байгаа. Паралимпд амжилт гаргасан тамирчид бас адилхан авдаг. өнгөрсөн 2014 онд тэрбум 500 сая төгрөгийг тамирчдад урамшуулал байдлаар олгосон. Ер нь олимпын төрөл, зай, жинд багтдаг тэмцээнд эхний 3 байранд орсон тамирчид бүх насаараа амьдралын баталгаатай болж байгаа. Залуучууд маань үүнийг мэддэг учраас спортоор хичээллэх сонирхол их болсон.

-Сүүлийн хоёр удаагийн Зуны Олимпын наадамд манай улсын баг тамирчид өндөр амжилттай оролцсон. Үүнийг дагаад спортоор хичээллэгчдийн тоо нэмэгдсэн байх?

 -Спортоор хичээллэгчдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн. 2008 оны олимпоос манай улс олимпын аваргатай болж 5 медаль авсан. 2012 онд бас 5 медаль авсан. 2008 онд бид олимпын 28 эрхтэй оролцсон, 2012 онд 29 эрхтэй оролцсон. 2016 оны олимпд энэ тоогоо ахиулж илүү олон төрлөөр 30-аас дээш эрхтэй оролцохоор төлөвлөж байгаа. Медалийнхаа тоог ч бас ахиулах байх. Олимпын аваргатай болсноос хойш иргэдийн идэвх эрс нэмэгдсэн. Өнгөрсөн оны судалгаанаас харахад нийтдээ 5338 тэмцээн уралдаан Монгол улсын хэмжээнд болсон байдаг. Үүнд давхардсан тоогоор 1 сая 500 мянган орчим оролцсон байдаг. Үүний 1 сая орчим нь спортоор хичээллэдэг, 150 орчим хүн нь их спортыг зорилгоо болгоод байнга хичээллэдэг гэсэн судалгаа байдаг. 150 мянга гэдэг бол надад чамлалттай тоо санагдаж байгаа.

-Залуучуудын хувьд спортоор хичээллэе, зааланд тоглоё гэхээр заал олддоггүй. Олдож байгаа нь хэтэрхий үнэтэй байдаг. Үүнийг шийдэх боломж бий юу?

-Залуучууд тоглох гэхээр заал талбай хүрэлцээ муутай байдаг нь үнэн л дээ. Энэ жилийн хувьд Сонгионохайрхан дүүрэгт шинэ спорт цогцолбор баригдаж байгаа. Одоогоор гүйцэтгэл нь 80 орчим хувьтай байгаа. 12 сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Баянзүрх дүүрэгт бас спортын цогцолбор баригдаж байгаа. Энэ маань он дамжих байх, Чингэлтэй дүүрэгт бас баригдаж байгаа. Энэ 3 ашиглалтад орчихвол Улаанбаатар хотын бүх дүүргүүд спорт цогцолбортой болж байгаа. Аймгуудад ч гэсэн баригдаж байгаа. Сэлэнгэ, Архангай аймгуудын спорт цогцолборууд энэ ондоо багтаад ашиглалтад орно.

-Олимп хөгжил сангийн талаар?

-Олимп хөгжил сан бол олимп дуусаад ажил нь зогсоод дараагийн олимп болохын өмнөхөн ажилладаг сан байдаг. Монгол улсын олимпд бэлтгэх үндэсний хорооноос сая тус санг шинэчлэн байгуулсан. Удирдах зөвлөлд нь спортын зэрэг цолтой, олимпд дэлхийн аваргууд байгаа. Даргаар нь ахмадын спорт холбооны дарга ажиллаж байгаа. Сая манай яамтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Одоо болох хүүхдийн спортын тавдугаар наадмын үеэр олимпын лого тэмдэгтүүдээ төв стадион дээр зарж борлуулаад олимп хөгжил сангийнхаа гарааны мөнгийг цуглуулж өгье гэж бодож байгаа. Тэрнээс цааш өөрсдөө олимпийнхоо тугийг аялуулж, хандиваа цуглуулаад Олимпд оролцох зарим тамирчдын тэмцээн уралдаанд оролцох зардлыг нь даагаад дэмжээд явах байх гэж бодож байна. Манай яамны зүгээс зөвхөн зарцуулалт дээр нь хяналт тавина.

 -Хүүхдийн спортын их наадмын бэлтгэл ажил хэдэн хувьтай байгаа вэ?

 -Хүүхдийн спортын их наадмын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаад дуусчихсан. Энэ сарын 12-18-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулан. Нээлтийн ажиллагааг нь төв стадионд хийнэ. Спортын 17 төрлөөр 2500 орчим хүүхэд залуучууд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Аймгуудаас ирсэн хүүхдүүдийг хүүхдийн зуслангуудаар тарааж байрлуулаад тусгай автобусаар зөөнө. Мөн бид хүүхдийн спортын их наадамд зориулсан веб хуудастай болсон. Үүндээ наадамд орж байгаа бүх тамирчдыг бүртгэж авсан. Ингэснээр цаашдаа спортоор хичээллээд явах хүүхдүүд маань улсад өөрсдийн гэсэн түүх, бүртгэлтэй болж байгаа юм.

 -Япон улсын нэг мужтай санамж бичиг байгуулсан гэж сонссон?

 -2020 оны олимп Японы Токио хотод болно. Үүнтэй холбогдуулан бид 5 сарын сүүлээр Японы Шизото, Нигото гээд мужуудаас манайхыг уриад би тэр мужуудаар айлчилсан. Тэгэхдээ 2020 оны олимпд оролцох тамирчдаа одооноос Японы талын зардлаар бэлтгэх талаар санамж бичиг байгуулсан. Энэ бол дэлхийн олимпын практикт бол шинэ зүйл биш. Олимп зохион байгуулах улс олимпын эрх авснаасаа хойш дэлхийн улсуудын тамирчдыг өөрийнхөө оронд урьж тамирчдыг дасгаж жил бүр тодорхой хугацаанд бэлтгэл хийлгэдэг юм байна лээ. Бид шуурхай ажиллаад хамгийн түрүүнд энэ санамж бичгийг байгуулсан гэдгээрээ онцлогтой. Өмнө нь бид энэ боломжийг ашиглаж байгаагүй.

-2016 оны олимпын эрх авсан тамирчдыг олимпоос өмнө Риоруу явуулж бэлтгэл хийлгэх үү?

-Одоо тэнд залуучуудын дэлхийн аварга, уугуул нутгийн иргэдийн тэмцээн энэ тэр байгаа. Одооноос бид явуулж эхлэн. Токиогийн олимп шиг 4, 5 жилийн өмнөөс явуулж бэлдсэн юм бол байхгүй л дээ.

-Таныг Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдсон гэж сонссон. Дүүрэгтээ хийсэн ажлуудынхаа талаар?

-Би Сонгинохайрхан дүүргийн 11, 12, 13, 14, 15, 16, 17 гээд нэгдүгээр хорооллын 6 хороо нэгдүгээр хорооллын ард талын дэнжийн 30, 31 гээд гэр хорооллын 2 хороо нийтдээ 8 хорооны 32 мянган сонгогчоос гарч ирсэн. Энэ нь жижиг аймгийн их хурлын тойргоос том тойрог байгаа. Ийм олон хүний итгэлийг дааж гарч ирсэн болохоор аль болох олон зүйлийг хийхийг хүсдэг. Гэхдээ би өөрөө очоод газар ухаад, хог түүгээд явна гэсэн үг биш. Нийслэлийн төсөвт тухайн тойрогт хийх ажлынхаа төсвийг суулгаж өгөх ёстой байдаг. Манай тойрог бол нийслэлийн төсвөөс санхүүжилт аваад юм хийхэд их боломжийн тойрог. Тийм ч учраас би тойргийнхоо байруудад хийгдэх ажлын бараг 3 тэрбум төгрөгийн төсвийг нийслэлийн төсөвт суулгаж өгсөн байдаг. Орон сууцны тухай хуулинд нийтийн эзэмшлийн орон сууцны байрны лифтийг юм уу дээврийг нэг удаа улсын төсвөөс үнэгүй засаж өгнө гэж заасан байдаг. Үүнийг ашиглаад их олон байрны лифт дээврийг зассан байдаг. Мөн 14-р хороонд 12, 13-р байрны хажуугаар түнээлийн системийг хийлгүүлсэн гэх мэт маш олон ажлыг хийсэн. Сонгуулийн хугацаа дуусахаар сонгогч иргэддээ тайлангаа тавина.  

 -Цаашдаа ямар, ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Цаашдаа бас л иймэрхүү ажлуудыг хийнэ. Ирэх жилийн төсвөөс 16-р хорооны 26, 27-р байрны хажуугаар бас түнээлийн систем хийхээр төлөвлөсөн байгаа. Байрны иргэдийн хамгийн тулгамдсан асуудлууд бол гадна талбайг тохижуулах, нарийн замуудаа засуулах, лифт, дээврээ засуулах байдаг тиймээс энэ төрлийн ажлуудаа цааш нь гүнзгийрүүлж хийнэ дээ. 

Т.Болор

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 2 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.