Ч.Сайханбилэг сахил хүртэх гээд шал дордов

8-р сарын 25 - 11 цаг 45 минут

 /Улс төрийн хошин жүжиг/

Ардчилсан намынхны буянаар түмэн олон наадмаас хойш ер уйдсангүй. Учир нь төрийн гурван өндөрлөгийн хооронд өрнөсөн улс төрийн томоохон хэмжээний “хошин жүжиг” үзээд ард түмэн “элгээ хөштөл инээж, нулимсаа гартал ханиаж” байна гэнэ, цаана чинь. Ардын намын сайд нарыг “сандал, ширээтэй зууралддаг”, “ажил хийлгэдэггүй” хэмээн шалтаглаж Ерөнхий сайдыг эзгүй хойгуур намынхан нь сэм хуйвалдаж, нам хэлэлцэж байгаад “хөөх” шийдвэр гаргачихсан. Энэхүү улс төрийн “хошин жүжиг”-ийн эхний үзэгдлийн гол дүр нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд байлаа. Харин эсрэг дүрийн гол баатар нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байв. Тэрбээр МАН-ын зургаан сайдыг огцруулахгүй, цээжээрээ хамгаална гэсэн утгатай зүйл ярьсан нь З.Энхболдын дургүйг ихэд хүргэсэн. Улмаар ардчилагч хоёрын маргаан “хамгийн том” хүний чихэнд хүрч УИХ-д суудалтай намын дарга нарыг цуглахад хүргэсэн юм. Энэхүү улс төрийн “хошин жүжиг”-ийн гол дүр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, харин эсрэг талын гол дүр нь З.Энхболд байлаа.

 

ТЭРГҮҮН БҮЛЭГ: Хоёр өндөрлөгийн нанчилдаан

Монголын улс төрийн ууган хүчин МАН-ыг засгаасаа гаргасан Ч.Сайханбилэг, түүний “далд удирдагч” УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд нар хүссэн хүсээгүй МАХН-ын дарга Н.Энхбаярын халаас руу гүйгээд орчихов. “Шударга ёс” эвсэл ч “шударга бус” хуулийн төсөл өргөн барьж УИХ-ыг хаалттай хуралдуулж дэмжүүлээд авсан. Гэхдээ энэ хуралд МАН-ынхнаас нэг ч гишүүн суугаагүй. Ердөө л АН болон “Шударга ёс” эсвлийнхэн нийлж байгаад л баталчихсан хууль. Өршөөлийн хууль батлагдсан сургаар МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо салхилах гэж ирсэн нь нэг хүний дургүйг дээд цэгт нь хүргэж, цөсийг нь хөөргөж, тамирыг нь бараадахсан. Улмаар тэр эрхэм прокурорын байгууллагын ой дээр хуулийн ажилтнуудад бус ганцхан хүнд хаяглаж, загнаж, зандарсан өнгө аястай ярьсан нь зарим хүнд таалагдсан ч нөгөө хэсэг нь таалаагүй. Энэхүү улс төрийн “хошин жүжиг”-ийн тэргүүн бүлгийн гол дүр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр байсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэндээ хүрч Өршөөлийн хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Яг энэ үеэр нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Увс аймаг руу ажлын томилолттой хэмээн алга болж өгсөн. Улмаар Өршөөлийн хууль, зургаан сайдын асуудлыг намрын чуулган хүртэл хойшлуулчихав. З.Энхболдын энэ задарсан, бадарсан байдал эрхэм Ерөнхийлөгчид таалагдаагүй ажээ. Тэрбээр АН-ын нэр хүндийг шороотой нь хутгаж байгаа З.Энхболдыг өрөөндөө дуудаж толгой түрүүгүй загнасан юм байх. Угаасаа “дарангуйлагч” төрхтэй, зантай УИХ-ын даргад Ерөнхийлөгч өөрийг нь дарамтлаад байгаа юм шиг санагдсан нь гарцаагүй. Яаж “дарангуйлагч” хүн чимээгүй дарлагдаад суух вэ. Монгол Улсын “хамгийн том” хүний өөдөөс хэдэн “увайгүй” үг шидсэн бололтой юм. Түүний даварсан аашийг Ерөнхийлөгч тэсэлгүй гараа явуулчихаж. Ингээд л Монголын улс төрийн түүхэнд анх удаа төрийн хоёр өндөрлөг гар зөрүүлсэн хэрэг шаргал ордонд мандах нь тэр. Энэ үзэгдлийн гол дүр нь мэдээж З.Энхболд. Харин эсрэг талын гол дүр нь Ц.Элбэгдорж байлаа. Одоо АН дотор З.Энхболдыг барж идэх хүн байхгүй болов. Ерөнхийлөгчтэй нанчилдаж байгаа хүнтэй хэн арсалдах юм бэ. Харамсалтай нь “дарангуйлагч” даргатай АН-ынхан мөхөл рүүгээ мөлхөж байгаа гэдгээ ойлгож л байдаг байгаа даа.

 

ДЭД БҮЛЭГ: Ч.Сайханбилэгийг унагаах өгөөш

Эх орондоо салхилахаар ирсэн МАХН-ын даргын ачаар Монгол Улсын Засгийн газар хоёр сар гаруй хугацаанд зургаан сайдгүй ажиллана. Энэ хэрээр тэрхүү зургаан яамны ажил цалгардана. Монгол хүн уужуу, дөлгөөн байж болно. Гэхдээ улсын ажлыг ингэж унагаж болохгүй байх аа. “Шударга ёс” эвсэл хүссэн гурван сайдын квотоо авчихсан налгар сууж, намбатай найрлаж байхад АН-ынхан үлдсэн гурван квотын учраа олохгүй хөгөө хөлдөө чирч явна. Үүний гол буруутан нь өнөө л АН-ын дарга З.Энхболд. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гурван хүний нэр санал болгосон ч нэгийг нь дэмжээд нөгөө хоёрыг нь нүднийхээ булангаар ч хараагүй гэнэ лээ. Ингээд гурван сайдаа өөрөө сонгох эрхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “олгосон”. Гэхдээ зарим улс төр судлаач З.Энхболдын энэхүү үйлдлийг “Ч.Сайханбилэгийг унагаах өгөөш” хэмээн тайлж байна. Эхний хувилбарт АН-ын дарга З.Энхболд олон фракцаасаа арай дөнгүүр гурвыг нь санал болголоо шүү хэмээн Ерөнхий сайдыг “хошгируулах” гэж оролдсон. Гэвч энэ арга нь газар аваагүй л дээ. Өмнөх Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн муу ажилласан сайдаар тодорсон “фортуна” Н.Батбаяр, “Тавантолгойг гацаасандаа сэтгэл хангалуун байгаа” “Монос”-ын Л.Эрдэнэчимэг, ам нээх болгондоо ард түмний дургүйг хүргэдэг Г.Баярсайхан гурвыг З.Энхболд Ерөнхий сайдад “шахах” гэж үзсэн. Ч.Сайханбилэг тэнэг хүн биш болохоор Г.Баярсайханыг нь дэмжээд “согтуу гишүүн”-ийг Шийдлийн засагт бас муу ажиллаж магадгүй, “гацаа гишүүн” Л.Эрдэнэчимэгийг засгийн ажил “гацааж” магадгүй хэмээн цааргалсан байх нигууртай. Ингээд хоёр дахь хувилбараар Ерөнхий сайд өөрөө гурван сайдаа нэр зааж намын даргадаа танилцуулсан боловч тусыг эс олов. Эцэс сүүлд нь Ардчилсан намынхан Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж гурван сайдын нэрийг тодруулахаар болжээ. Энэ байдлаас харахад ирэх жилийн сонгууль хүртэл Ардчилсан нам гэдэг улс төрийн байгууллага монголын хөрс шороон дээр байх эсэх нь машид эргэлзээтэй боллоо. Учир нь гуравхан сайдынхаа квотыг нааштайгаар шийдэж чадахгүй байгаа тэд ирэх жилийн сонгуульд яажшуухан өрсөлдөх юм бол доо. Ямар ч байсан УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын найруулсан “сценари”-ар Ч.Сайханбилэгийн Засгийн газар нэг их удахгүйи огцорч мэдэх юм. Тэр үед Ерөнхий сайд “асан” маань юу ярьж суух бол гэдэг нь бас л сонин шүү.

 

ГУТГААР БҮЛЭГ: Сахил хүртэх гээд шал дордов

Энэхүү улс төрийн “хошин жүжиг”-т эхнээсээ л “орон гаран” тоглосон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Сахил хүртэх гээд шал дордов” гэгч л болж байх шиг. МАН-ын зургаан сайдаар “мандал өргөж” өөрийгөө аварсан түүнд одоо гарах гарц үгүй. Уг нь нэг гарц байсан нь нанчилдаанаар өндөрлөсөн. “Хамгийн том” хүнд “алтан хошуу” хүргэсэн боловч өнөөдрийн байдлаар Улсын Ерөнхийлөгчөөс АН-ын дарга нь том гэдгээ З.Энхболд Ерөнхий сайдад харуулсан. Ингэснээр Ч.Сайханбилэгийн гарах гарц нь намын даргынхаа утсан хүүхэлдэй болох. Одоо тэр ингэж л амиа аргацаана. Г.Уянга гишүүний хэлдгээр анхнаасаа л МАН-ын зургаан сайдыг “хөөх” тухай яриа гарахад л хамт огцрох өргөдлөө өгсөн бол ард түмэн түүнийг жинхэнэ “мужик” хэмээн эрхий хуруугаа гозойлгох байв. Гэвч түүнд өнөөдөр өрнөж буй улс төрийн “хошин жүжиг”-ийн гол дүр болох хувь заяа дутлаа. Дутлаа ч гэж дээ, гол дүрийг нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “дарангуйлаад” авчихсан юм чинь. Ингээд л түүнд болсон болоогүй тайзны захад, олны хэсэгт тоглох ноорхой дээлтэй өвгөний дүр оногдсон хэрэг. Солонгосоос эх орондоо салхилах гэж ирсэн “хошин жүжиг”-ийн “ерөнхий найруулагч” Н.Энхбаяр түүний гол дүрийг З.Энхболдод өгчихсөн. Харин Ч.Сайханбилэгийг яаж зүгээр “хөөгөөд” явуулчихав гээд өрөвдсөндөө олны хэсгийн ноорхой дээлтэй өвгөний дүрийг өгсөн нь лавтай. Ерөнхий сайд МАН-ын зургаан сайдтайгаа “зууралдаад” засгийн ажлаа явуулж байсан бол ингэж хоёр хүний “утсан хүүхэлдэй” болохгүй л байх байсан даа. Ёстой л нөгөө “Сахил хүртэх гээд шал дордов” гэгч л болж байх шиг. АН-ын фракц хоорондын цусгүй дайн, төрийн хоёр өндөрлөгийн нанчилдаан лав сайны дохио биш. Харин ч эсрэгээрээ муугийн цондон байж мэднэ. Ямар азаар сонгууль дөхчихсөн үед АН-ынхны “синдром” хөдлөв өө. Дөнгөж олонхи болоод ингэж дөвчигнөсөн бол бид балрахгүй юу. Эдийн засгаа элгээр нь мөлхүүлсэн тэдэнд одоо ард түмнээ элгээр нь хэвтүүлэх л дутуу байна даа. Энэ улс төрийн “хошин жүжиг”-ээс харахад монголын ард түмэн элгээрээ хэвтэхэд мөн ч ойрхон байна шүү.

 

С.Нэмэх

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 19 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.