Т.Доржханд: Монголд Валютын сангийн мөнгө нь биш санхүүгийн сахилгыг сайжруулах бодлого нь чухал

2-р сарын 23 - 16 цаг 39 минут

    ВАЛЮТЫН САНГИЙН ТАВЬСАН ГУРВАН НӨХЦӨЛИЙН НЭГ НЬ БИЕЛСЭН

-Ойрын өдрүүдэд Валютын сангийн хөтөлбөр халуун сэдэв болж байна. Гэхдээ Засгийн газар Валютын сангийн хөтөлбөрийг авах, эсэх нь бүрэн эцэслэгдээгүй байгаа. Валютын сангаас тавьсан гурван удьдач нөхцөлийг Засгийн газар биелүүлж, Захирлуудын зөвлөл эцсийн шийдвэрийг гаргана. Засгийн газар зүгээс Валютын сангийн тавьсан урьдач нөхцөлийг биелүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл гарах бол?

-Биелэгдэх бүрэн боломжтой гурван шаардлага. Нэг нь биелсэн. Ипотекийн зээлийг Төв банк санхүүжүүлэхээ зогсоож, хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх шаардлага тавьсан. Ямар ч улсын Төв банк мөнгө хэвлэж Засгийн газрын агентлагийн үүргийг гүйцэтгэдэггүй. Тиймээс Валютын сангийн тавьсан энэ шаардлага зөв бөгөөд биелэгдэх боломжтой шаардлага юм. Хоёрт, 2017 оны төсөвт тодотгол хийж, орлого нэмэх, зардлаа хэмнэсэн хуулийн төслийг хэлэлцэх шаардлага тавьсан. Өнөөдрийн нөхцөлд Монгол Улс бүхлээрээ хямарсан байна. Хямарсан үед бид санхүүгийн сахилга батыг сайжруулах ёстой. Орлого талдаа боломжтой эх үүсвэрийг цуглуулах, нөгөө талд үр ашиггүй зардлыг бууруулах ёстой. Гуравт, санхүүгийн салбарт үнэлгээ хийнэ. Өнөөдөр санхүүгийн салбарын 96 хувийг банкны сектор эзэлж байна. Гэтэл энэ том систем болохгүй байна, нэг бүрчлэн шалгах эрхийг холбогдох байгууллагуудад өгч, энэ ажлыг эхлүүлнэ гэсэн үндсэн гурван нөхцөлийг ОУВС тавьсан. Аль, аль нь биелүүлэх боломжтой бөгөөд яаралтай хийх нь зүйтэй.


    ОРЛОГО БАГАТАЙГААС НЬ БАГЫГ, ОРЛОГО ИХТЭЙГЭЭС НЬ ӨНДӨР ТАТВАР АВАХ ЗОХИЦУУЛАЛТ ЗӨВ 

-Төсвийн орлого талдаа задлаад яривал нэлээд олон татварыг нэмэх шаардлагыг тавьсан. Нэмэх татварыг харахаар илүү энгийн иргэдэд дарамт болох юм шиг. Татвар нэмнэ гэхээс илүүтэйгээр төрийн албыг цомхотгож, цалинг багасгаж болохгүй байсан юм уу гэж зарим иргэд бухимдаж байна. Ийм боломж байсан уу?

-Ард түмэн татвар нэмнэ гэдгийг хүндээр тусгаж авах аргагүй. Үүнийг ойлгож байна. Гэтэл өмнөх 4 жилд Засгийн газар их хэмжээний зээл авч төсвөө тэлчихсэн. Түүнээс өмнөх 4 жилд манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч, ер нь байнгын ийм өндөр орлоготой байх юм байна гээд төсвөө тэлэхийн хажуугаар халамжийн бодлогыг хэрэгжүүлсэн. Гэтэл зах зээл эвгүйтэж орлого саарч, эдийн засаг таагүй болоход эргээд халамжаа танаж, орлогоо зөв тооцож чадаагүй. Аргентин 1960-иад онд их өмчтэй орон байсан. Гэтэл шинэ засаг гарч ирээд Ерөнхийлөгч нь халамжийн бодлого явуулсан. Түүнээс хойш эдийн засаг нь өөдлөөгүй. Хоёр сонгуулийн улирал дараалан төсвийн тэлсэн бодлого явуулж, эргээд хумьж чадаагүй. Өнөөдөр Аргентин эдийн засгийн хувьд зээлээ төлж чадахгүй дефолтоо зарлачихсан. Халамжийн буруу бодлого хэрэгжүүлсний бодит жишээ. Монгол Улс өр зээл авч төсвөө тэлж, халамжийн бодлогоо хэрэгжүүлсээр байвал Аргентины араас орно. Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд татварыг шууд нэмэхгүйгээр үе шаттай нэмнэ гэж ойлгох хэрэгтэй. Дунд хугацаандаа татвар нэмэхээс өөр аргагүй. Шатахуун, архи, тамхи, авто тээврийн хэрэгсэл гээд онцгой татварууд нэмэгдэж байгаа. Ер нь эдийн засаг хямарч байгаа үед архи, тамхи хамгийн ашигтай бизнес байдаг. Яагаад гэвэл хямарсан хүн архи ууж, тамхи их татдаг. Монголын хөл дээрээ боссон бизнесүүд бүгд архи, тамхины бизнесээс цэцэглэсэн байдаг. Ерөнхийдөө Онцгой татварыг хамгийн их ашиг олдог байгууллагаас өндөр авч байна гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улсад өнөөдөр 600 мянган авто тээврийн хэрэгсэл байна. Импортын хэмжээ улам л өсөөд байна. Гэтэл нийт машины 50-60 хувь Улаанбаатарт явж, зам даацаа дийлэхгүй байна. Ойрын 2-3 жилд хотын авто замыг өргөтгөх боломж байхгүй. Энэ тохиолдолд бөглөрөсөн олон машины гаргаж буй хорт утаа,  цаг хугацааг тооцвол их хэмжээний зардал гаргаж байна. Авто тээврийн хэрэгслийн татварыг нэмэгдүүлэх нь хэтдээ эдийн засаг болоод нийгмийн олон асуудлыг шийдэхэд эергээр нөлөөлнө. Ер нь татвар нэмсэнээр нийгэм талдаа ямар өгөөжтэй, хаана нь ямар эрсдэлтэй гэдгийг Засгийн газар ард иргэддээ таниулах хэрэгтэй.

-Хямралтай үед Нийгмийн даатгалын шимтгэл нэмэх нь бизнес эрхлэгчдэд дарамт болохгүй юу?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь бизнес эрхлэгчдэд хүндээр тусах магадлал бий. Гэхдээ нэг хувиар нэмж байгаа учраас энэ нь том дарамт биш. Эцсийн дүндээ ямар улс татвараа авч чаддаг, ямар улс татвараа авч чаддаггүй вэ гээд харахаар Монгол бол татвараа авч чаддаггүй улс. Татвараа авч чаддаг улсын төрийг хүчирхэг гэж үнэлдэг. Япон улс дэлхий дээр татвар төлөлтөөрөө тэргүүлдэг бөгөөд татвар ногдуулалтын төвшин нь 98 хувь байна. Олон улсын дундаж 60 хувь байдаг. Иргэд нь сайн дураараа төрдөө татвараа төлдөг. Энэ улсын иргэн учраас иргэний үүргээ биелүүлж татвараа төлж байна гэдэг ухамсар тэдэнд байдаг.  Бидний төлсөн татвараар бидний ээж, аавын тэтгэврийг олгодог, улсын хөгжилд зориулдаг гэдгийг мэддэг учраас татвар төлөлтөөрөө тэргүүлж байна. Монголчууд бид ч бас үүргээ биелүүлж татвараа төлж, хариуцлагаа хүлээдэг тогтолцоо руу шилжих ёстой.

-Бүх хадгаламж эзэмшигчийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах хугацааг наашлуулахаар болж байна. Банкууд санхүүгийн хяналт шалгалт хийнэ, дээр нь зээлийн гол эх үүсвэр болон хадгаламж эзэмшигчийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар аваад эхлэхээр иргэд хөрөнгөө татах, таслах зэргээр эргээд банкны секторт сөрөг нөлөөтэй биш үү. Үүнээс болж олон банкны үйл ажиллагаа доголдож мэднэ шүү дээ?

-Хувь хүний орлогын албан татвар, хадгаламжийн хүүгийн орлогоос авах татварыг шатлалтай болгож байна гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улс нэг онцлогтой. Байгалийн баялаг ихтэй ч орлогын тэгш бус байдал их байна. Баян, ядуугийн ялгаа өндөр, энэ зай улам бүр тэлээд байна. Ийм нөхцөлд бүх иргэнээс орлогын ижил хувь хэмжээгээр татвар авах нь шударга биш л дээ. Харамсалтай нь, манайх үргэлж ижил татварын системтэй явж ирсэн. Үүнийг өөрчилж, орлого багатайгаас нь багыг, орлого ихтэйгээс нь өндөр татвар авах зохицуулалтыг хийх гэж байна. Энэ нь зөв эхлэл. Хадгаламжийн хүүгийн орлогоос авах татвар мөн энэ зарчмаар явна. Орлого багатай хүмүүсийн хувьд хадгаламж, хуримтлал үүсгэх боломжгүй, өр зээл л ихтэй байна. Харин мөнгөтэй хүмүүс хадгаламжийн хүүгийн орлогоосоо татвар төлнө. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авснаар иргэд банкнаас мөнгө татаж өөр санхүүгийн эх үүсвэр хайна. Энэ хэрээр Хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбар хөгжинө. Ер нь аливаа улсын санхүүгийн сектор тогтвортой, илүү сонголттой байх ёстой.

                    ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗАР "СТЭНД БАЙ" ХӨТӨЛБӨР АВАХ БОЛОМЖИЙГ АЛДСАН

-Монгол Улс Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах боломж байсан. Харин Засгийн газар хамгийн муу хувилбарыг сонголоо гэж ярих шинжээчид байна. Валютын сангийн EFF хөтөлбөрийг дампуурлаа зарласан орнуудад санал болгодог хамгийн хатуу нөхцөлтэй хөтөлбөр гэх. Энэ тал дээр Таны байр суурь?

-Сайн, муу хөтөлбөр гэж байдаггүй. Харин хэр хэрэгжүүлэхээс хөтөлбөрийн үр дүн хамаарна. Тухайн хөтөлбөр эдийн засаг нь ямар хэмжээний хямралтай нөхцөл байдалд байна гэдгээс хамаарч Засгийн газар Валютын сантай эмчилгээний хөтөлбөрөө тохироод явдаг зарчимтай. Хоёр жилийн өмнө манай улс Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг авах боломжтой байсан. Гэхдээ өмнөх Засгийн газар авч чадаагүй. Магадгүй улстөрийн сонгууль тулчихсан нь нөлөөлсөн байх. Харин энэ Засгийн газрын хувьд ОУВС-гийн хөтөлбөрийг авч байгаа нь сайн. Дараагийн сонгууль хүртэл хангалттай хугацаа байна. Хөтөлбөр гурван жил хэрэгжих нөхцөлтэй. EFF хөтөлбөрийн давуу тал нь бүтцийн өөрчлөлт, үр ашгийг шингээсэн учраас бусад хөтөлбөрөөс урт хугацаатай байдаг. “Стэнд бай” хөтөлбөр төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээг сайжруулахад чиглэсэн 12-18 сарын хугацаатай хөтөлбөр бөгөөд ОУВС зөвлөмж өгөөд гараад явчихдаг. Өнөөгийн Монголын эдийн засаг гүн хямарсан. Тухайлбал, төлбөрийн баланс алдагдалтай, улсын нөөц хасахтай байна. Энэ оны эхний улиралд Хөгжлийн банкны 580 сая, ирэх онд 500 сая ам.долларын өр төлөх эх үүсвэргүй сууна. Эх үүсвэрийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэхээр бодлогын хувьд эрүүл арга хэрэгслээр удирдахаас өөр аргагүй. Өөрсдөө шийдье гэхээр дотоодын чадавх сул, санхүүгийн сектор тогтворгүй, эрсдэлтэй байна. Тиймээс Валютын сангийн дэмжлэгийг авч, төсөв, төлбөрийн балансаа сайжруулах хувилбарыг сонгож байна. 

Улс төрийн амлалт Валютын сангийн шаардлага хоёр зөрчилддөг. Сонгуульд ялж, ард түмэнд амлалт өгсөн Засгийн эрх авсан намын хувьд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг боддог. Дараа нь дахин сонгогдохын тулд шүү дээ. Гэтэл эдийн засаг  хүнд нөхцөлд амлалтаа биелүүлэх боломжгүй байдалд орсон. Валютын сан бол тухайн улсын дотоод улс төрд оролцдоггүй. Цэвэр эдийн засгийн онол талаас нь асуудлыг хардаг. Санхүүгийн сахилга батыг сайжруулах шаардлагыг тавьдаг. Монгол Улс хөтөлбөрт хамрагдсанаар ганц ОУВС  биш Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон, БНСУ, АНУ, Австралийн Засгийн газар хөтөлбөрөөр дамжуулан санхүүгийн дэмжлэг өгнө. Эдгээр орнуудын дэмжлэг  төсөв болон төлбөрийн балансыг дэмжих зорилготой байдаг учраас санхүүжилт нь бэлнээр орж ирдэг. Тухайн санхүүжилтийг ийм зорилгоор, ингэж сахилга баттай зарцуулах гэсэн шаардлага тавьдаг.

Гэхдээ Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа мөнгө нь чухал биш. Хамгийн гол нь санхүүгийн сахилга батыг сайжруулах бодлогын арга хэмжээнүүд Монголд илүү үнэ цэнэтэй зүйл юм.

-Банк санхүүгийн салбарт хийх үнэлгээг ямархуу байдлаар хийдэг вэ?

-Банкуудад шалгалт хийж, зэрэглэлийг дахин тогтоох шаардлагатай гэдгийг сануулж байгаа. Банкны салбар бол эдийн засгийн цусыг шавхдаг онцгой байгууллага болоод байна. Дээр нь, санхүүгийн зах зээлийг тэр чигээр нь эзэлчихсэн. Тиймээс энэ гаж санхүүгийн секторыг эрүүл болгож, цементэлж авахгүй бол хэтдээ маш том хор уршиг дагуулах эрсдэлтэй. Энэ асуудлыг хамгийн түрүүнд судалж, чанаргүй зээлүүдийг ангилж, шаардлагатай тохиолдолд зарим банкийг нэгтгэж үр ашгийг сайжруулдаг. Санхүүгийн системд олон банк, даатгалын компани байснаас чанартай цөөн хэдэн байгууллага л байх ёстой. Солонгос улс 1997 онд санхүүгийн секторт нь банк давамгайлсан, яг өнөөдрийн Монгол шиг нөхцөлд байсан. Тухайн үед Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж 9 арилжааны банкинд цэвэрлэгээ хийж, татан буугдсаар өнөөдөр 4 том банктай болсон. Үр дүнд нь маш чанартай банкууд л үлдсэн. Монгол Улс хүссэн хүсээгүй ийм байдалд шилжинэ.

          УУТНЫ ЁРООЛ ОНГОРХОЙ БАЙВАЛ ХЭЧНЭЭН МӨНГӨ ХИЙГЭЭД Ч УРСААД АЛГА БОЛЧИХНО

-Манай улс валютын сангийн хөтөлбөрт өмнө нь олон удаа хамрагдаж байсан. Гэтэл хэдэн жилийн дараа дахиад л авч байна. Энэ нь өөрөө Валютын сангийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадахгүй байгааг харуулж байгаа юм биш үү?

-2008 онд валютын сангийн хөтөлбөрт хамрагдаад санхүүгийн хувьд нэлээд эрүүлжсэн. Валютын сан дахин Монголд ирж хөтөлбөр хэрэгжүүлэхгүй гэж найдаж байгаагаа хэлээд, Суурин төлөөлөгчийн газраа хаагаад буцсан. Гэтэл өнөөдөр 2008 оноос хэд дахин хүнд нөхцөлд орж, дахиад хөтөлбөр авах гээд явж байна. Үүнд нэг ялгаатай зүйл бий. Валютын сан орж ирээд тухайн улсыг хөгжүүлнэ гэсэн хүлээлт байж болохгүй. Тухайн улсын хөгжил хоёр үндсэн нөхцөлөөс хамаардаг. Нэгд, улстөрийн тогтвортой байдал. Сайн засаг байна уу, муу засаг байна уу гэдгээс хамаарахгүйгээр улс төр нь тогтвортой байх ёстой. Хоёрт, санхүүгийн сектор нь тогтвортой, эрүүл байх ёстой. Ийм тохиолдолд л цаашдаа хөгжлийн асуудал ярьж болно. Гэтэл өнөөдөр эдгээр нөхцөл аль нь ч Монголд алга. Үүнийг бий болгох боломж монголчууд бидэнд байгаа. Санхүүгийн секторыг тогтворжуулсны дараа валютын сан гараад л явна. Түүнээс биш, Монгол Улсыг хөгжүүлнэ гэж суудаггүй.

Уутны ёроол онгорхой байх юм бол хэчнээн мөнгө хийгээд урсаад л алга болчихно. Өнөөдрийн Монголын байдал яг  л тийм байна. Тиймээс эхлээд уутныхаа ёроолыг оёж, сахилга батаа сайжруулж, хөрс сууриа сайтар цементэлж авахгүй бол цаашид хэчнээн тэрбумаар зээл аваад нэмэргүй. Үр хүүхэд, тэдний үр хүүхдүүд маань энэ их өр зээлээс гарч чадахгүй.

-2008 онд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсаны дараа эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, дээр нь манай улсын эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхий зах зээлд өсч төсвөө тэлж явсаар өнөөдрийн хямралтай нүүр тулсан. Ирэх жилүүдэд уул уурхайн түүхий эдийн үнэ өсөлттэй байх төлөвтэй байна. Тэгэхээр орлого нэмэгдэхээр дахиад л төсвөө тэлж, халамжийн бодлогыг үргэлжлүүлэх эрсдэлтэй. Үүнээс хэрхэн сэргийлж, анхаарах хэрэгтэй юм бэ?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа биелүүлж, мөрдөх хэрэгтэй. Хоёрт, Баялгийн сангийн хуулиа мөрлөх нь чухал. Өндөр орлого орж ирэхэд тодорхой хэсгийг нь тасдаж аваад хадгалж, эдийн засгийн хүнд байдалд орсон үед баялгийн сангаасаа эх үүсвэр авч ашигладаг. Бусдаар бол баялгийн санд хуримтлагдсан эх үүсвэр хөрөнгө оруулалт хэлбэрээр өсч, үрждэг  ирээдүйн баталгаа болох ёстой. Баялгийн сангийн хууль Норвегийн загварыг хуулсан. Өнөөдөр Норвегид шинээр төрсөн нэг хүүхдэд оногдох хадгаламж нь нэг сая ам.доллар. Гэтэл  Монголд шинээр төрсөн нэг хүүхдэд оногдох өр нь 20 мянган ам.доллар гээд яриад сууж байна шүү дээ.

-EFF хөтөлбөрт хамрагдсанаар хөрөнгө оруулалт, томоохон төслийн бүтээн байгуулалт эхлүүлэх боломж хэр байдаг юм бэ?

-Хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг олгох нь өөрөө хөрөнгө оруулагчдад эергээр нөлөөлнө.  Хөгжлийн банкны бонд, Засгийн газрын бондын хариуцлагыг Монгол Улс хүлээж чадах юм байна гэсэн мессежийг хөрөнгө оруулагчдад өгч эхлээд байна. Хоёр жилийн өмнө Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар хөрөнгө оруулагчдын зардал хоёр пунктээр буурах тооцоог хийж байсан . Цаашид Хөгжлийн банкны бондыг Засгийн газрын бондоор солих, зах зээлээс нэмж эх үүсвэр татаж, урт хугацаандаа шаардлагатай байгаа санхүүжилтийг хийгээд явснаар том давуу тал үүснэ. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжиж, нөгөө талд санхүү болон засаглал нь тогтвортой болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ . Хөрөнгө оруулалтын орчин сайжрахаар том төслүүдийг хөдөлгөх боломж гарна. Макро эдийн засаг тогтвортой болсноор хөрөнгө оруулагчдад тоглоомын дүрэм илүү ойлгомжтой болно шүү дээ.

-Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Засгийн газар шаардлагаа биелүүлэхгүй бол ямар эрсдэл гарах бол?

-Тохирсон нөхцөлөө биелүүлээгүй тохиолдолд хөтөлбөрийн хугацааг сунгаж, дахин биелүүлэх шаардлага тавина. Засгийн газар “үгүй ээ, биелүүлэхгүй” гэсэн тохиолдолд хөтөлбөр бүрмөсөн зогсох эрсдэлтэй. Хэлэлцээрийн ширээний ард суухдаа амласан нөхцөлүүдээ биелүүлээгүйгээс хөтөлбөр зогсоход “Валютын сангаас болж хүнд байдалд орлоо” гэж зарим улс орнууд хар мэдээлэл цацдаг. Үүнийг зарим улстөрчид сонсчихоод Валютын сан муу, улс орныг дампууруулчихдаг гэж ярьдаг. Бодит байдал дээр засаглалаа хэрэгжүүлж байгаа нь Засгийн газар, шаардлага тавьж байгаа нь Валютын сан юм.

-Та өмнө нь Валютын сангийн Захирлуудын зөвлөлийн багт ажиллаж байсан. Ер нь Захирлуудын зөвлөл ямар үүрэгтэй, хэн хэн багтдаг юм бэ?

-Миний хийж байсан ажил бол Ази Номхон далайн асуудал хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх гэсэн албан тушаал. Африкийн 40, Латин Америкийн 20 гаруй орныг хариуцаж ажиллаж байсан. Валютын сангийн Захирлын зөвлөл 24 хүнээс бүрдсэн удирдах баг. Манай Ази Номхон далайн 18 орныг төлөөлсөн захирал эдгээр улсыг төлөөлж байр сууриа илэрхийлдэг. Тэнд Америк байна уу, Монгол байна уу, Франц байна уу хамаагүй. Асуудлаа үндэслэлээр гаргаж ирвэл байр сууриа хамгаалаад явдаг. Том эрх ашгийн асуудал гэж байдаггүй. Том эдийн засагтай орон хямарчихсан, цаашлаад хямралын нөлөө нь бусаддаа вирус шиг халдчихаад байгаа тохиолдолд онцлон авч үздэг. Үүний жишээ бол бол Грек. Монголынх бол тэс өөр. Нэг зүйлийг аминчлан хэлэхэд, Монгол Улс бол маш жижиг, нөлөөлөл багатай эдийн засагтай. Тиймээс асуудлыг дэвэргэж Валютын сан бол Америкийн нөлөө, баруун Европын бодлого, эдийн засгийн алуурчид мэтээр ярьж огт болохгүй. Ийм ойлголт нь үндэслэлгүй юм.

-Захирлуудын зөвлөлийн хурлаар хөтөлбөр дэмжигдэхгүй байх тохиолдол хэр байдаг вэ?

-Ер нь тухайн Засгийн газар хүсэлтээ тавьсны үндсэн дээр хөтөлбөр хэрэгждэг. Гишүүн орнууд Валютын сангаас тусламж дэмжлэг авах гэж явдаг. Манайх шиг зарим орнууд “муухай” хөтөлбөр гээд авахгүй байх тохиолдол ч бий. Ихэнх улсын хувьд сайн дураараа үнэлгээ хийлгэж, сангаас мөнгө авч эдийн засагтаа шингээх бодлогоор явдаг. Тухайн улсын шаардаж байгаа эх үүсвэр  нөхцөл байдлаас нь даваад гарсан үед хөтөлбөрийг буцааж, дахин хэлэлцээр хийх тохиолдол олон гардаг. Валютын сан заавал хямарсан орнуудтай харьцдаг газар биш. Хямрахаас нь өмнө зөвлөмж, хямралын өмнөх хөтөлбөрүүдийг санал болгодог. Миний бие хоёр жилийн өмнө эдийн засгийг уналтад орохоос өмнө Засгийн газарт Валютын сангийн хөтөлбөрийг ашиглаач гэдэг саналыг тавьж байсан. Төлбөрийн балансаа сайжруулах үүднээс урьдчилж мөнгө аваад, сайжрахаар нь эргээд төлөх хувилбарууд байсан. Гэхдээ тухайн үед сонирхоогүй.

-Эцэст нь танаас асуухад, өнөөгийн нөхцөл байдалд Засгийн газарт Валютын сангаас өөр хувилбарыг сонгож эдийн засгаа тогтворжуулах боломж байсан болов уу?

-Хөгжлийн асуудлыг ярьж байсан бол бидэнд өөрсдийнхөө замаар явах боломж байсан. Гэхдээ зөв замаар явж ирсэн бол шүү дээ. Дээр хэлсэнчлэн валютын сан орж ирснээрээ илүү тогтвортой байдлыг л хүсдэг болохоос биш, та нар хурдан хөгж гэж тулгадаггүй. Өнөөдрийн Монголын нөхцөлд Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас өөр арга байхгүй. Валютын сан хэрвээ хөтөлбөрөө оруулж ирэхгүй тохиолдолд яах вэ гэдгийг төсөөлье. Мөнгө олж өрөө төлөх хэрэгтэй. Зээлээ төлж чадахгүй,  долларын ханш 5000, 10000 болж, төгрөг цаас болон хувирна. Энэ нөхцөлд иргэд л хохирно. Санхүүгийн эх үүсвэр зайлшгүй олох хэрэгтэй болно. Гэтэл хөрөнгө оруулагчид танайд итгэхгүй байна гээд үнэлгээгээ бууруулаад мөнгө өгөхгүй. Энэ нөхцөлд улстөрийн зээл авахаас өөр аргагүйд хүрнэ. Хамгийн түрүүнд хөрш орнууд руугаа хандана. Хамгийн боломжтой нь Хятад. Ингэхээр өрөндөө газар өгсөн Туркменистаны жишээг хүмүүс ярьдаг. Гэтэл бид газар дороо маш их баялагтай учраас тэрийгээ л барьцаалах асуудал руу орно. Энэ тохиолдолд эдийн засгийн эрх чөлөө гэдэг ойлголт байхгүй болно. Монгол Улс 1990 онд маш хүнд байдалд байсан. 1992 онд манай буурлууд олон улсын байгууллагуудад элсч, сонгосон нь Хятадын бодлогыг сөрж дээшээ орох зорилготой байсан юм. Үндэсний эрх ашгийг хамгаалдаг арга хэрэгсэл нь эдийн засгийн эрх чөлөөтэй байдал. Тухайн үед тэр бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр Монгол Улс чөлөөтэй, хүссэнээ ярьдаг ийм нийгмийг бүрдүүлсэн, энэ нь бидний ололт. Үүнийг алдах магадлал нь эдийн засгийн эрх чөлөөгөө алдвал үгүй болно. Үүнийг Монгол хүн бүр ойлгох хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.