Хууль зүйн яам, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд болон нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран нийслэлийн иргэдэд хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ энэ сарын 7-14-ныг хүртэл үргэлжилнэ. Аяны хүрээнд энэ сарын 7-нд Баянзүрх, 8-нд Баянгол , 9-нд Сонгинохайрхан дүүрэгт “Хууль тогтоомж сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Сүхбаатар дүүргийн өдөрлөг Чингисийн талбайд зохион байгуулж байна. Харин маргааш Чингэлтэй дүүргийн өдөрлөг Тусгаар тогтнолын талбай, 14-нд Хан-Уул дүүрэг Соёлын төвийн байрны урд талбайд тус тус зохион байгуулагдах аж. Иргэд харьяа дүүрэг дээрээ зохион байгуулагдаж байгаа арга хэмжээний үеэр гадаад болон дотоод паспортын асуудлаа шийдэж боломжтой аж. Тодруулбал, цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн иргэд харьяа дүүргийнхээ дагуу арга хэмжээ болох газарт 11.00-14.00 цагийн хооронд өөрийн биеэр очиж захиалга өгөх боломжтой. Улмаар захиалга өгсөн иргэдийн цахим үнэмлэхийг тухайн өдөрт нь хэвлээд 16.00 цагаас олгож үйлчлэх юм. Харин гадаад паспортын хугацааны захиалгыг мөн адил 11.00-14.00 цагийн хооронд хүлээн авч 16.00 цагт буцаан олголтыг хийх аж. Хэрэв тухайн иргэн 14.00 цагаас хойш гадаад паспортаа сунгуулахаар захиалга өгсөн тохиолдолд маргааш өдрийн 15.00 цагаас УБЕГ-ын зуун айлд байрлах гадаад паспортын олголтноос авах юм байна. Дашрамд сонирхуулахад, харьяа дүүргийхээ өдөрлөгөөс хоцорсон тохиолдолд: Энэ сарын 14-ныг дуустал 23800 төгрөг төлөөд ТҮЦ машинаар захиалга өгөх боломжтой бөгөөд захиалга өгснөөс хойш хоёр хоногийн дараа өөрийн оршин суугаа хорооноосоо цахим үнэмлэхээ авна. Харин гадаад паспортын хугацааны захиалгыг харьяалал харгалзахгүй 11.00-14.00 цагийн хооронд хүлээн авч байгаа бөгөөд 16.00 цагт буцаан олголтыг хийх аж.
Т.Болор
( 9 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг