Монгол Улсын Төрийн шагналын тухай хуулийн төсөл

9-р сарын 10 - 8 цаг 10 минут

Монгол Улсын Төрийн шагналын тухай хуулийн төсөл болон хуулийн төслөөрх энгэрийн тэмдэг, одон, медалийн загварын хувилбаруудыг үүгээр хүргэж байна.                                                                                                                                                     

Төсөл


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2015 оны ... дугаар сарын ...-ны өдөр                                                                         Улаанбаатар  хот

 ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйлХуулийн зорилт

          1.1.Энэ хуулийн зорилт нь Төрийн шагнал, түүний ангилал, эрэмбэ шагнах журам болон төрийн шагналтай холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйлТөрийн шагналын тухай хууль тогтоомж

          2.1.Төрийн шагналын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1 энэ хууль болон эдгээрт нийцүүлэн гаргасан хэм хэмжээ тогтоосон бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт

          3.1.Дараах нэр томьёог энэ хуульд дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."төрийн дээд шагнал" гэж Монгол Улсын нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог, энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан цол, одон, медалийг;

3.1.2."төрийн бусад шагнал" гэж энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан шагналыг;

4 дүгээр зүйлТөрийн шагналын төрөл

          4.1.Төрийн шагнал нь төрийн дээд шагнал, төрийн бусад шагналаас бүрдэнэ.

          4.2.Төрийн дээд шагналыг Монгол Улсын Их Хурал зөвхөн энэ хуульд заасны дагуу бий болгоно.

          4.3.Төрийн бусад шагналыг энэ хууль, түүнд үндэслэсэн журмын дагуу бий болгоно.

5 дугаар зүйлТөрийн шагналын тухай хуулийн үйлчлэх хүрээ

          5.1.Төрийн шагналыг шинээр бий болгох харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулна.

          5.2.Энэ хуулийн зохицуулалтаас өөрөөр төрийн шагналыг бий болгохыг хориглоно.

5.3. Энэ хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө шагнасан Монгол Улсын цол, одон, медаль болон төрийн бусад шагнал, түүнийг дагалдах нэмэгдэл, мөнгөн тусламж, тэтгэмж, хөнгөлөлт урамшуулал нь хүчин төгөлдөр хэвээр байна.

6 дугаар зүйлТөрийн шагналаар шагнахад баримтлах зарчим

          6.1.Хуульд өөрөөр заагаагүй бол дараах зарчмыг баримтална:

6.1.1.Үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, төрсөн газар, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш хандах;

6.1.2.Байгуулсан гавьяа зүтгэл, амжилт бүтээлд шагналын төрөл тохирсон байх;

6.1.3.Шагналын эрэмбийн дагуу өгсөх зарчмаар шагнах;

6.1.4.Шинээр байгуулсан гавьяаны төлөө дахин шагнахад өмнө авсан шагналаас хойш таваас доошгүй жил өнгөрсөн байх;

6.1.5.Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нэг төрлийн шагналаар нэг хүнийг дахин шагнахгүй байх;

6.1.6.Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нэхэн шагнахгүй;

          6.2. Онцгой идэвх зүтгэл, хүч чармайлт гарган, олон нийтэд илэрхий үйл баримтад тулгуурлан нийтээр хүлээн зөвшөөрхүйц гавьяа байгуулсан тохиолдолд энэ зүйлийн 6.1.3 болон 6.1.4.-т заасан зарчмыг баримтлахгүй.


ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ

7 дугаар зүйлТөрийн дээд шагналын төрөл, эрэмбэ         

          7.1. Төрийн дээд шагналыг дараах байдлаар ангилж, эрэмбэлнэ:

                   7.1.1.Эрхэм дээд шагнал:

                             7.1.1.1.Монгол Улсын баатар цол

                             7.1.1.2.Улсын эрдэнэ цол

                             7.1.1.3.Чингис хаан одон

                   7.1.2.Эрхэм хүндэт шагнал:

                             7.1.2.1.Төрийн соёрхолт цол

                             7.1.2.2.Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол

                             7.1.2.3.Эрдэнийн очир одон

                   7.1.3.Хүндэт шагнал:

                             7.1.3.1.Алтан гадас одон

                             7.1.3.2.Цэргийн гавьяа одон

                             7.1.3.3.Эхийн алдар I, II одон

                   7.1.4. Медаль:

                             7.1.4.1.Цэргийн хүндэт медаль

                             7.1.4.2.Хөдөлмөрийн хүндэт медаль

                             7.1.4.3.Шударга журам медаль

                             7.1.4.4.Найрамдал медаль

          7.2.Төрийн дээд шагнал нь медаль, хүндэт шагнал, эрхэм хүндэт шагнал, эрхэм дээд шагнал гэсэн өгсөх эрэмбэтэй байна.

          7.3.Цолны энгэрийн тэмдэг, одон, медалийн тодорхойлолтыг Монгол Улсын Их Хурал батална.

       7.4.Цолны энгэрийн тэмдэг, одон, медалийг Улсын Их Хурлаас баталсан тодорхойлолтын дагуу хийлгэх, хадгалах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцна.

8 дугаар зүйл. Төрийн дээд шагналын тоо

          8.1. Төрийн дээд шагналыг дор дурдсан хязгаарын дотор олгоно. Үүнд:

                   8.1.1.Монгол Улсын баатар цолыг 5 жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;

                             8.1.2. Улсын эрдэнэ цолыг 3 жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;

                             8.1.3. Чингис хаан одонг жилд нэг удаа, нэг хүртэл хүнд;

                             8.1.4. Монгол Улсын Төрийн соёрхолт цолыг жилд 5 хүртэл хүнд;

                             8.1.5. Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг жилд 50 хүртэл хүнд;                               

                             8.1.6. Эрдэнийн очир одонг жилд 200 хүртэл хүнд;

                             8.1.7. Алтан гадас одонг жилд 2000 хүртэл хүнд;

                             8.1.8. Цэргийн гавьяа одонг жилд 500 хүртэл хүнд;

                             8.2.Энэ зүйлийн 8.1-т зааснаас бусад төрийн дээд шагналын тоо хэмжээг тухайн жилийн онцлогтой уялдуулан, зохист харьцааг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгч жил                                    бүр тогтооно. 

                             8.2.Энэ зүйлийн 8.1-т заасан төрийн дээд шагналын тоо хэмжээ тухайн жилийн онцлогоос хамааран хэтрэх шаардлага үүсвэл Монгол Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

9 дүгээр зүйлМонгол Улсын баатар цол

9.1.Монгол Улсын баатар цолыг Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, Монгол Улсыг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг алдаршуулах  эрхэм үйлсэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээж, Монгол Улсын баатар цолны энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулна.

9.2. Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие хайргүй зүтгэж, баатарлаг гавьяа байгуулан эх орныхоо төлөө амь насаа алдсан хүнд Монгол Улсын баатар цолыг нэхэн хүртээж болно.




10 дугаар зүйл.  Улсын эрдэнэ цол

10.1.Улсын эрдэнэ цолыг үндэсний уламжлалт соёлын биет бус өвийн хосгүй нандин ховор төрөл зүйлсийн тодорхой илэрхийллийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшиж, түүнийгээ улам боловсронгуй болгон хөгжүүлж, мэдлэг ур чадвараа хойч үедээ өвлүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээж, Улсын эрдэнэ цолны энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулна.

10.2.Улсын эрдэнэ цол хүртээх хүнийг энэ хуульд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг Монгол Улсын Засгийн газар тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

10.3.Улсын эрдэнэ цолыг Цагаан сарын баярыг тохиолдуулан олгоно.

11 дүгээр зүйлЧингис хаан одон

          11.1.Чингис хаан одонгоор дор дурдсан шалгуур хангасан хүнийг шагнаж, уг одон, түүний бичил хувилбар, үнэмлэх гардуулна:

11.1.1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг;

11.1.2.Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хүнийг;

11.2.Чингис хаан одонг Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно.

12 дугаар зүйл. Монгол Улсын Төрийн соёрхолт цол

         12.1.Монгол Улсын Төрийн соёрхолт цолыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник технологи, урлаг, утга зохиолын шилдэг гарамгай бүтээл бүтээсэн хүнд бүтээлээр нь хүртээж, Төрийн соёрхолт цолны энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулна.

        12.2.Энэ зүйлийн 12.1-т заасан бүтээл нь дараах шалгуурыг хангасан байна:

12.2.1.Бүтээлийн болон зохиогчийн эрх нь зохих журмын дагуу баталгаажсан байхаас гадна, мэргэжилтнүүд болон олон нийтийн хүртээл болж, дотоод гадаадад үнэлэгдсэн, Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан байвал зохино.

12.2.2.Урьд өмнө зохиогчийн хөдөлмөрийг үнэлж, өөр бусад төрийн дээд шагналд хамрагдаагүй шинэ эсвэл шинэчилсэн бүтээл байна.

12.2.3.Хамтын бүтээлээрээ нэр дэвшиж байгаа бол нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн нь уг бүтээлийг туурвихад голлох үүрэгтэй оролцсон 3 хүртэл хүн байхыг зөвшөөрнө. Зарим тохиолдолд тухайн салбарын бүтээлийн онцлогоос хамаарч бүрэлдэхүүн нь 5 хүртэл хүн байж болно. Хамтын бүтээлээрээ нэр дэвшиж байгаа бүтээлийн зохиогчдын бүрэлдэхүүний тоо, оролцоог бусад оролцогчид нь зөвшөөрч тодорхойлон баталгаажуулсан байна.

          12.2.Монгол Улсын Төрийн соёрхолт цолыг тухайн жилийн хоёрдугаар хагаст нийтээр тэмдэглэх баярын өдрийг тохиолдуулан хүртээнэ.


 

13 дугаар зүйлМонгол Улсын гавьяат зүтгэлтэн цол

          13.1.Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч, төр, нийгэм, эдийн засаг, соёл, спорт, шинжлэх ухаан болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт нийтээр хүлээн зөвшөөрөгдөхүйц гавьяа байгуулж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан хүнд хүртээж, Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн цолны энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулна.



 

14 дүгээр зүйлЭрдэнийн очир одон         

14.1.Эрдэнийн очир одонгоор дор дурдсан шалгуур хангасан хүнийг шагнаж, уг одонг үнэмлэхийн хамт гардуулна:

          14.1.1.Төр, нийгэм, эдийн засаг болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулж, монгол үндэстний уламжлал, төрт ёсыг хадгалж, хамгаалах, хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан;

             14.1.2.Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлан Монгол Улсын найрсаг гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан;

15 дугаар зүйлАлтан гадас одон

          15.1.Алтан гадас одонгоор дор дурдсан шалгуур хангасан хүнийг шагнаж, уг одонг үнэмлэхийн хамт гардуулна:

                   15.1.1. Иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлж, авъяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд гавьяа байгуулсан;

                   15.1.2. Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, байгалийн онц аюултай үзэгдэлтэй тэмцэх үйл хэрэгт гавьяа байгуулсан;


 

16 дугаар зүйлЦэргийн гавьяа одон

16.1.Цэргийн гавьяа одонгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, ард иргэдийн аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл хэрэгт гавьяа байгуулсан албан хаагчийг шагнаж, уг одонг үнэмлэхийн хамт гардуулна.


 

17 дугаар зүйл. Эхийн алдар одон

17.1.Эхийн алдар одон нь нэгдүгээр зэргийн одон болон хоёрдугаар зэргийн одон гэсэн төрөлтэй байна.

17.2.Эхийн алдар хоёрдугаар зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг шагнаж, уг одонг үнэмлэхийн хамт гардуулна.

17.3.Энэ хуулийн 17.2-т заасан дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.

17.4.Энэ хуулийн 17.2-т заасан зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн гэдгийг энэ хуулийн 17.3-т заасан агуулгаар төсөөтэй хэрэглэж ойлгоно.

17.5.Эхийн алдар одонгоор шагнах журмыг Ерөнхийлөгч батална.


 

18 дугаар зүйлХөдөлмөрийн хүндэт медаль

          18.1.Хөдөлмөрийн хүндэт медалиар дор дурдсан шалгуур хангасан хүнийг шагнаж, уг медалийг үнэмлэхийн хамт гардуулна:

                   18.1.1.Иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлж, авъяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын үйл ажиллагаанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан;


 

19 дүгээр зүйлЦэргийн хүндэт медаль

19.1.Цэргийн хүндэт медалиар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, ард иргэдийн аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл хэрэгт өргөсөн тангарагтаа үнэнчээр олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, их амжилт гаргасан албан хаагчийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.



 

20 дугаар зүйлШударга журам медаль

20.1.Шударга журам медалиар эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг  шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

20.2.Шударга журам медалиар нэхэн болон өмнөхөөс өөр болзлоор дахин шагнаж болно.

21 дүгээр зүйл.Найрамдал медаль

          21.1.Найрамдал медалиар Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

         ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН ДЭЭДШАГНАЛААР ШАГНАХЖУРАМ

         

22 дугаар зүйлТөрийн дээд шагналаар шагнах ерөнхий журам

          22.1.Төрийн дээд шагналаар шагнахад дараах журмыг баримтална:

                   22.1.1.Нэр дэвшүүлэх, тодорхойлох

                   22.1.2.Тодорхойлолтыг хүлээн авах, уламжлах, хянах, өргөн мэдүүлэх

                   22.1.3.Шагнах

                   22.1.4.Гардуулах

23 дугаар зүйл. Төрийн дээд шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох

          23.1.Төрийн дээд шагналаар шагнуулахаар хэн ч өөрийнхөө болон бусдын нэрийг дэвшүүлэх эрхтэй.

          23.2.Өмнөх гавьяа, амжилт бүтээлээрээ төрийн шагнал болон мэргэжлийн олон нийтийн байгууллагынхаа дээд шагналаар шагнагдсан хүнийг төрийн дээд шагналд нэр дэвшүүлнэ.

          23.3.Нэр дэвшүүлэгч нь хуульд заасан шагналын шалгуур үзүүлэлтийг хангасан тухай баримт материал, судалгаа тооцоог бүрдүүлж холбогдох хурлаар хэлэлцүүлнэ.

          23.4.Нэр дэвшүүлсэн саналыг дараах хурлаар хэлэлцэнэ:

                   23.4.1.Нэр дэвшигчийн ажиллаж буй газрын хамт олны хурлаар;

                   23.4.2.Нэр дэвшигч төрийн бус байгууллагын гишүүн бол тухайн байгууллагын хамтын удирдлагын хурлаар;

             23.4.3.Харьяалагдах хамт олон байхгүй бол сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар;                  

 23.5.Нэр дэвшүүлсэн саналыг хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэнэ.

 23.6.Тухайн байгууллагын удирдах эрх бүхий албан тушаалтан нь хурлын шийдвэр, тэмдэглэлийг үндэслэн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан тодорхойлолт гаргах бөгөөд уг тодорхойлолтод ямар шагналд нэр дэвшүүлж байгааг дурдана.

23.7.Нэр дэвшүүлэгч нь тодорхойлолт болон дор дурдсан бичиг баримтыг хавсарган, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад уламжилна:

                   23.7.1.Нэр дэвшигчийн мэдүүлэг

              23.7.2.Нэр дэвшүүлж байгаа төрийн дээд шагналын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа тухай баримт материал, судалгаа тооцоо

                   23.7.3.Шагналд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн энэ зүйлийн 23.4-д заасан хурлын тэмдэглэл, шийдвэр

                   23.7.4. Урьд шагнагдсан төрийн шагнал болон бусад мэргэжлийн олон нийтийн байгууллагын шагналын хуулбар

23.8. Дараах тохиолдолд иргэнийг нэр дурдсан албан тушаалтан төрийн дээд шагналд нэр дэвшүүлэн, тодорхойлж, төрийн шагналаар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид шууд өргөн мэдүүлж болно. Үүнд:

                   23.8.1.Цэргийн албан хаагчийг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

                   23.8.2.Хил хамгаалах албаны албан хаагчийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

                   23.8.3.Гадаад иргэн, харьяалалгүй хүнийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

                   23.8.4.Батлан хамгаалахын албан хаагчийг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

                   23.8.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

                   23.8.6.Тахарын албаны албан хаагчийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

                   23.8.7.Тагнуулын албаны албан хаагчийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

                   23.8.8.Цагдаагийн албан хаагчийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

                   23.8.9.Дээрхтэй адилтгах төрийн захиргааны төв байгууллагын албан хаагчийг тухайн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн;

          23.9. Монгол Улсын Ерөнхийлөгчид шууд өргөн мэдүүлсэн энэ зүйлийн 23.8-д заасан эрх бүхий албан тушаалтны гаргасан тодорхойлолтод энэ зүйлийн 23.7.1-23.7.4-т заасан бичиг баримтыг хавсаргана.

          23.10.Монгол Улсад хувийн хэргээр байнга оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг төрийн дээд шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох, хянах, өргөн мэдүүлэхэд ерөнхий журмыг баримтална.

24 дүгээр зүйлТөрийн дээд шагналаар шагнуулах тухай тодорхойлолтыг хүлээн авах,уламжлах, хянах, өргөн мэдүүлэх

          24.1.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга төрийн дээд шагналаар шагнуулах тухай тодорхойлолт, холбогдох бусад баримт бичгийг хүлээн авч, бүрдлийг хянана.

          24.2.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга төрийн дээд шагналаар шагнуулах тухай тодорхойлолт, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-т заасан баримт бичгийн бүрдүүлбэрт тавьсан шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд ажлын 21 хоногийн дотор аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд уламжилна.

          24.3.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-т заасан баримт бичгийн бүрдүүлбэрт тавьсан шаардлагыг хангаагүй тохиолдолд шаардлагыг хангуулахаар нэр дэвшүүлэгчид материалыг буцаана.

          24.4.Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал төрийн дээд шагналаар шагнуулах тухай тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 45 хоногийн дотор хуульд заасан шагналын шалгуурыг хангаж байгаа эсэхийг дор дурдсан байдлаар хянан шалгана:

                   24.4.1.Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-т заасан баримт бичигт агуулагдаж байгаа мэдээллийн үнэн зөвийг холбогдох байгууллагаас мэдээлэл авах замаар шалгах;

                   24.4.2.Цол, одонгоор шагнуулах тухай тодорхойлолтыг шалгахад холбогдох яам, харьяа дээд газар болон мэргэжлийн эвсэл, холбоодын удирдах байгууллагаас дүгнэлт, саналыг                          бичгээр авах;

                   24.4.3.Төрийн дээд шагналд тодорхойлогдсон иргэний тухай мэдээллийг цахим хуудас болон бусад хэлбэрээр олон нийтэд ил тод мэдээлж, иргэдийн саналыг авах;

          24.5.Хянаж шалгаж дууссанаас хойш ажлын 14 хоногийн дотор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

          24.6.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан шагнуулах тухай саналыг тухайн жилийн тоо хэмжээнд багтаан хэлэлцээд, олонхийн саналаар                   зөвшөөрөгдсөн нэр дэвшигчийн асуудлаар тогтоол гаргаж, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх шийдвэр гаргана. Тогтоолд аймаг, нийслэлийн                 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга гарын үсэг зурж, дараах бичиг баримтыг бүрдүүлж хавсаргасан байна:

                   24.6.1.Нэр дэвшигчийн мэдүүлэг

                   24.6.2.Төрийн дээд шагналаар шагнуулах тухай тодорхойлолт, түүнд хавсаргасан шагналын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа тухай баримт материал, судалгаа тооцоо

                   24.6.3.Төрийн дээд шагналд нэр дэвшүүлэх тухай асуудлыг анхан шатандхэлэлцсэн энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан хурлын тэмдэглэл, шийдвэр

                   24.6.4.Урьд шагнагдсан салбарын төрийн шагнал болон мэргэжлийн олон нийтийн байгууллагын дээд шагнал, төрийн дээд шагналын хуулбар

                   24.6.5.Холбогдох яам, харьяа дээд газар болон мэргэжлийн эвсэл, холбоодын хамтын удирдлагын дээд байгууллагаас дүгнэлт, санал

                   24.6.6.Иргэдийн саналын дүн

                   24.6.7.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны албан тэмдэглэл

          24.7.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан төрийн дээд шагналд нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх шийдвэр гаргахдаа нэр дэвшүүлж, тодорхойлсон шагнал нь уг хүний гавьяа, зүтгэл, амжилт, бүтээлд тохирсон байх зарчмыг баримтална.

          24.8.Нэр дэвшигч олонхийн санал аваагүй тохиолдолд түүний асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн тухай мэдэгдлийг нэр дэвшигчид хүргүүлнэ.

25 дугаар зүйлТөрийн дээд шагналаар шагнах

          25.1.Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, төрийн дээд шагналаар шагнана.   

26 дугаар зүйлТөрийн дээд шагнал гардуулах

          26.1.Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулна.

          26.2.Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар, түүний нэрийн өмнөөс дараах эрх бүхий этгээд гардуулж болно:

                    26.2.1.Монгол Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүд

                    26.2.2.Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд

                    26.2.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

                    26.2.4.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн

                    26.2.5.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга

                    26.2.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга

                    26.2.7.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга

                    26.2.8.Сум, дүүргийн Засаг дарга

          26.3.Төрийн дээд шагналаар шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш 2 сарын дотор төрийн дээд шагналыг ёслол төгөлдөр гардуулна.

          26.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар, түүний нэрийн өмнөөс төрийн дээд шагналыг гардуулсан эрх бүхий этгээд нь төрийн дээд шагналыг гардуулсан тухай тэмдэглэл үйлдэж, шагнал гардуулснаас хойш 1 сарын дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.

27 дугаар зүйлТөрийн дээд шагналаар шагнах тусгай журам                  

          27.1. Дор дурдсан тохиолдолд энэ хуулийн 22 дугаар зүйлд зааснаас гадна тусгай журам үйлчилнэ:

                   27.1.1.Олон нийтэд илэрхий үйл баримтад тулгуурлан нийтээр хүлээн зөвшөөрхүйц онцгой гавьяа байгуулсан хүнийг шагнахад Ерөнхийлөгчийн Тамгын газар судлаж, шагнах асуудлыг шийдвэрлүүлэхээр Ерөнхийлөгчид шууд өргөн мэдүүлэх бөгөөд Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд төрийн дээд шагналаар шагнах асуудлыг тааллаараа шийдвэрлэнэ;

                   27.1.2.Энэ хуульд тусгайлан заасан тохиолдолд;         

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨРИЙН БУСАД ШАГНАЛ

28 дугаар зүйл.  Төрийн бусад шагнал

  1. өрийн бусад шагналыг Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр бий болгоно.Эдгээр төрийн дээд байгууллага нь өөрийн болон харьяа төрийн байгууллагын шагналын нэр, төрлийг тодорхойлно.
  2. өрийн бусад шагналыг бий болгохдоо дараах зарчмыг баримтална:

          28.2.1.Шагналын нэр, төрөл, тодорхойлолт нь энэ хуульд заасан төрийн дээд шагналын нэр, төрөл, тодорхойлолттой давхцахгүй байх;

          28.2.2.Шагналын өмнө тухайн төрийн байгууллагын нэрэмжит шагнал гэсэн тодотголыг хэрэглэх;

29 дүгээр зүйл.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал

          29.1. Монгол Улсын Ерөнхийлөгч дор дурдсан нэрэмжит шагналыг өөрийн нэрийн өмнөөс олгоно:                  

                   29.1.1.Төрийн гэрэгэ - Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал

                   29.1.2. Шилдэг залуу эрдэмтэн

                   29.1.3. Шилдэг залуу эмч

                   29.1.4. Шилдэг оюутан                  

           29.2.Төрийн гэрэгэ - Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналыг монгол хүний оюун ухаан, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлон бүтээгдэж, тухайн ондоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн үйлдвэр, барилга, байгууламж, цогцолбор, хэвлэгдэн гарсан ном зохиол, үзэгчдэд хүрсэн урлаг, соёлын бүтээлд олгоно.

          29.3. Шилдэг залуу эрдэмтэн шагналыг судалгааны ажлын үр дүн, бүтээл туурвил нь онол - арга зүйн түвшин, хэрэглээний өгөөжөөрөө онцгойрон тэргүүлсэн, дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан 35 хүртэлх насын Монгол Улсын иргэнд олгоно.

          29.4.Шилдэг залуу эмч шагналыг хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлэгийн тусламж үйлчилгээг олон улсын жишигт ойртуулж, хүн амын эрүүл мэндийн байдлыг тандах, хянах, хамгаалах, бэхжүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх хүчин зүйлсийг судлах, тэдгээрийг арилгахад чиглэгдсэн үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулсан эрүүл мэндийн салбарын залуу ажилтанд олгоно.

          29.5.Шилдэг оюутан шагналыг дор дурдсан шалгуурыг хангаж, амжилттай сурч, хөдөлмөрлөн үлгэр жишээ болохуйц онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчид олгоно.

                   29.5.1.Хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх;

                   29.5.2.Нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх;

                   29.5.3.Суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх;

                   29.5.4.Монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх.

29.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар шагнах журмыг Ерөнхийлөгч батална.

30 дугаар зүйлТөрийн бусад шагналаар шагнах журам

          30.1.Төрийн бусад шагналаар шагнах журмыг тухайн шагналыг бий болгосон төрийн байгууллага энэ хуульд нийцүүлэн батална.

ТАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН ШАГНАЛААР ШАГНАГДСАН ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

31 дугаар зүйл. Төрийн шагналыг зүүх

          31.1.Төрийн шагналыг эрэмбийн дагуу зүүн энгэрт зүүнэ.

          31.2.Монгол Улсын баатар цолны тэмдгээс эхлэн бусад цолны тэмдэг, одон, медалийг эрэмбийн дагуу баруунаас зүүн тийш эгнүүлж зүүнэ.

          31.3.Цолны тэмдэг, одон болон медалиуд нэг эгнээнд багтахгүй бол дараагийн эгнээнд шилжүүлэн зүүж болно.

          31.4.Монгол Улсын медалийн доод талд төрийн бусад шагналыг баруунаас зүүн тийш эгнүүлэн зүүнэ.

32 дугаар зүйл. Төрийн шагналыг хадгалах

          32.1.Төрийн шагналаар шагнагдсан хүн төрийн шагнал, үнэмлэхийг хадгална.         

          32.2.Төрийн шагналаар шагнагдсан хүн нь түүгээр шагнасан эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлтэйгээр өөрийн шагнал, үнэмлэхийг улсын эсхүл орон нутгийн музейн байнгын хадгалалт, хамгаалалт, үзмэрт шилжүүлэн өгч болно.         

          32.3.Төрийн шагналыг төрийн бус байгууллага, хувь хүний цуглуулга, үзмэрт шилжүүлэхийг хориглоно.         

          32.4.Төрийн шагналаар шагнагдсан хүн нас барсан тохиолдолд түүнд олгосон төрийн шагнал, үнэмлэхийг хадгалах үүргийг түүний өв залгамжлагч хүлээнэ. Өв залгамжлагч нь энэ зүйлийн 32.2-т заасан журмын дагуу төрийн шагнал, үнэмлэхийг улсын болон орон нутгийн музейн байнгын хадгалалт, хамгаалалт, үзмэрт шилжүүлж болно.         

          32.5.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төрийн шагнал, үнэмлэхийг үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн тохиолдолд төрийн шагналаар шагнагдсан хүний хүсэлтээр нөхөж олгож болно. Бусад тохиолдолд шагнагдаж байсан тухай тодорхойлолт олгоно. Төрийн дээд шагнал, үнэмлэхийг нөхөн олгох журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар батална.         

          32.6.Төрийн шагнал, үнэмлэхийг энэ хуульд заасан журмаас гадуур худалдах, барьцаалах, ашиглуулах зэргээр бусдад шилжүүлэх, мөн энэ зүйлийн 32.7-т зааснаас бусад тохиолдолд улсын хилээр гаргахыг хориглоно.

                   32.7. Төрийн шагналаар шагнагдсан хүн өөрөө Монгол Улсын хилээр гарч, гадаад улсад зорчиж байгаа тохиолдолд уг шагнал түүнд олгогдсон болох тухай баримт бичгийг бүрдүүлж, гаалийн мэдүүлэг бөглөн зохих хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын хилээр гаргаж болно.

33 дугаар зүйлХөнгөлөлт, урамшуулал эдлэх эрх

          33.1.Төрийн дээд шагналаар шагнагдсан иргэний эдлэх нэмэгдэл, мөнгөн тусламж, хөнгөлөлт, урамшууллыг хуулиар тусгайлан зохицуулна.

         34 дүгээр зүйлТөрийн шагналаас татгалзах эрх

          34.1.Төрийн шагналд тодорхойлох явцад иргэн шагналд тодорхойлуулахаас татгалзах эрхтэй.

35 дугаар зүйл. Төрийн шагналыг хүчингүй болгох

          35.1.Төрийн шагналаар- шагнуулах хүсэлт гаргахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд тухайн шагналыг олгосон төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрээр шагналыг хүчингүй болгоно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

36 дугаар зүйл. Төрийн шагналын мэдээллийн сан

          36.1.Төрийн шагналын нэгдсэн бүртгэл, төрийн шагналаар шагнагдсан хүнтэй холбоотой бүх мэдээллийг бүртгэж, мэдээллийн санд хадгална.

                   36.2.Төрийн шагналын мэдээллийн санг дараах байгууллага хариуцан хөтөлнө:

                   36.1.1.Төрийн дээд шагналын мэдээллийн санг Ерөнхийлөгчийн Тамгын газар;

                   36.1.1.Төрийн бусад шагналын мэдээллийн санг тухайн шагналыг олгосон төрийн байгууллага;

          36.3. Төрийн шагналын мэдээллийн санг хариуцан хөтлөгч нь уг мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээлэл, түүнд холбогдох бичиг баримтыг 3 жил тутамд Үндэсний төв архивт хүлээлгэн өгнө.

37 дугаар зүйл. Хориглох зүйл

          37.1.Төрийн шагналтай холбоотой дор дурдсан зүйл хийхийг хориглоно:

                   37.1.1.Энэ хуульд заасан төрийн дээд шагнал болон бусад шагналыг хуурамчаар үйлдэх, ашиглах, түүнтэй ижил төрлийн нэр, гадаад байдлаар ижил төстэй одон, медаль, тэмдэг бий болгох, үйлдвэрлэх;

                   37.1.2.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө бий болсон төрийн дээд шагнал болон бусад шагналыг хуурамчаар үйлдэх, ашиглах, тэдгээртэй ижил төрлийн нэр, гадаад байдлаар ижил төстэй цол, одон, медаль, тэмдэг бий болгох, үйлдвэрлэх, олгох;

                   37.1.3.Төрийн шагналд зуучлах, төрийн шагналаар шагнасны төлөө бэлэг, шан харамж авах;                  

38 дугаар зүйл. Хууль тогтоомжид зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

          38.1.Төрийн шагналын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол гэм буруутай этгээдэд дараах хариуцлага хүлээлгэнэ:

                   38.1.1.Энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-т заасан хориглосон үйлдэл хийсэн гэм буруутай этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

                   38.1.2.Энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан хориглосон үйлдэл хийсэн гэм буруутай этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

                                     39 дүгээрзүйл. Хууль хүчин төгөлдөр болох

          39.1. Энэ хуулийг 2015 оны ...дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 7 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.