Уран шаглаа нүдэн минь
Уянгалагахан дуун нүдэн минь
Урт сормуусаа дэвж сэрүүн татуулаад
Усны шувууд шиг юундаа дэгэлзээ вэ
Гуниг ундармаар тормон нүдэнд чинь жаахан саатаж
Гэгэлгэн хайрын дууг намдуухан аялчихаад
Гэрэл цацармаар мэлмэн харцанд чинь жаахан дулаацаж
Гэмгүйхэн холдох л гэсэн юмаа
Алганд гүйцсэн намрын мойл шиг хархан нүдийг чинь
Аяархан, аяархан хүлхэхсэн дээ...
Ангахгүй л байх гэж...
Сайхан нүдэн минь
Санаа алдмаар амгалан нүдэн минь
Алдуурсан гуниг уудалж, аягандаа дүүргээд
Ардын дуу шиг юундаа гэгэлзүүлээв дээ
Саран хономоор цагаан шөнө шиг нүдэнд чинь
Салхи шилгээхээ болиод, амарч үдлээд л эргэлээ
Санаа амармаар усан болор шиг нүдэнд чинь
Сэтгэл онгойж, ухаан цэлмээд л авлаа
Салахын аргагүй, дэвэрсэн сэтгэл шиг тэлмэн нүдийг чинь
Сайхан нэг, сайхан нэг ширтэхсэн дээ...
Даарахгүй л байх гэж...
Борхон нүдэн минь
Бор тормон хөөрхөн нүдэн минь
Амраг нь болох гэсэн сэтгэл шиг дэврээд
Аальгүй зүрх шиг юундаа сандраав дээ
Юу ч суугаагүй, толбо ч үгүй хиргүйхэн нүдэнд
Юу юугүй суугаад хаашаа одох гээ юм бол
Саран дуулаад хономоор гуниг нүдэнд
Сайхан уугаад, дуулмаар байх чинь ээ
Борооны дусал шиг ив ижилхэн нүдийг чинь
Бодол ургуулсан тув тунгалагхан нүдийг чинь
Удаан залгилмаар, удаан залгилмаараа...
Цангахгүй л байх гэж...
Дүрлэн нүдэн минь
Дуу алдмаар мэлмэн нүдэн минь
Өвлийн тасхийм хүйтэнд даарахын аргагүй дулаан нүдэн минь
Өөдөөс ширтээд суухад өлсөхийн аргагүй тормон нүдэн минь
Өдөржин залгилаад суусан ч цангахын аргагүй мэлмэн нүдэн минь
Өсөхийн жаргал шиг өө хэлэхийн аргагүй тэлмэн нүдэн минь
Усны дусал шиг ав адилхан нүдийг чинь
Удаан ширтвэл ухаан ормоор тас хархан нүдийг чинь
Уудалж л уумаар, уудалж л уумаараа...
Уйдахгүй л байх гэж...
2010. 08. 08.
Улаанбаатар хот
Чингэлтэй дүүрэг
Б.Урангоо
( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг