Хоёр хөршийн арми хүчирхэгжих нь бидэнд баяр бахдал төрүүлэх зүйл мөн үү

9-р сарын 8 - 9 цаг 02 минут

Хоёр хөрш маань ялалтын баяруудаа нижгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Өнгөрсөн хавар Улаанталбайд Оросын цэрэг армийн парад болсон бол хэдхэн хоногийн өмнө урд хөршийнхөн маань парадлав. Олон мянган цэрэг дайчид оролцсон сүрт жагсаал, сүүлийн үеийн ололтот технологийг ашиглан бүтээсэн техник, танк, онгоцны цуваагаа харууллаа. Парадаар цэрэг армиа хичнээн мянган хүнтэй вэ, ямар аугаа хүчин чадалтай танк, онгоцтой юм гэдгээ гайхуулав.

БНХАУ-ын ялалтын парадын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон билээ. Монголын хувьд хоёр том хөршийн дунд оршин тогтнодог тусгаар улс болохоор урилгынх нь дагуу очиж оролцох нь дипломат ёсон.

Монгол Улс ингэхээс ч арга байхгүй. Ёстой нөгөө хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдэг үг байдаг. Харин манай хэвлэл мэдээллийнхэнд бол тэнд болж байгаа цэрэг зэвсгийн жагсаалыг хэлэх үгээ олохгүй хүний өмнөөс хөөр хөс болж магтах нь илүү зан мэт санагдах юм. Тэд парадыг орон даяар шууд дамжуулж, “Парад смирно”, “Ли жэн“ гэх дуу хадаан наана эфирт мэргэжлийн гэх тодотголтой хүмүүс нь тайлбар хийж парадыг дэргэд нь байгаа мэт олон түмэнд хүргэдэг болсон. Парадыг шууд дамжуулж байгаа, үйл явдлыг газар дээрээс нь мэдээлж буй, наана нь орчуулан тайлбарлаж байгаа гээд бүгд л уулга алдацгаан цэрэг арми, зэр зэвсгийнх нь мундгийг магтацгаав.

“Хүн төрөлхтний дайн байлдааны зэвсгийн хамгийн сүүлийн үеийн загварыг эндээс л харж байна”, “Армата” танк бол цель буюу байгаа зуун хувь устгадаг. Дэлхийн армиудын мөрөөдөл болсон бүтээл”, “Сүүлийн үеийн баластик пуужин 8-12 мянган км-ын тусгалтай, АНУ-ын баруун эрэг, Гуамын арал дээр байгаа байг юу ч үлдээхгүй зуун хувь устгаж чадна”, “Сөнөөгч дуунаас хурдан үл үзэгдэгч онгоц бол хүн төрөлхтний хувьд армийн салбарт бүтээсэн том ололт” ч гэх шиг эфир дүүрэн баяр хөөртэйгөөр орилж, буу, пуужинг магтан дуулсан нь хэр зөв зүйл бол оо. Үүгээрээ Хятад, Оросын цэрэг армийн хүч АНУ-ыг устгах чадалтай гээд байгаа бололтой юм. Энийг мэдэж байх нь бидэнд тийм чухал юм уу.

Дэлхий дахин ардчиллаас өөр сонголт одоохондоо байхгүй байна аа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ардчиллын эх орон нь Америк буюу барууныхан байгаа. Манайх ч ардчиллыг сонгоод олон жил болж байна. Эдгээр тайлбарлагч сэтгүүлчид яахаараа заавал Америкийг устгаж чадна гэж хөөр хөс болоод байгааг ойлгохгүй юм. Яагаад ардчиллыг устгахыг тэгж их хүсээд байна вэ.

Хятадаас эсвэл Оросоос орчуулга хийхдээ өөрийн орны үнэт зүйл, үзэл баримтлалд халдахгүйгээр уусгаж олон түмний сонорт хүргэдэг. Гэтэл урд эсвэл хойно хашгирсан хүмүүний яриаг цуурай мэт даган төрөлх хэлээрээ давтан орилох нь өөрийн ухаантай хүний үйлдэл мөн үү.

Тэр магтан дуулаад байгаа целиэ зуун хувь устгадаг танк, тив алгасагч пуужин, үл үзэгдэгч онгоцны алсын тусгалтай бууны ам нэг л өдөр бидэн рүү чиглэхгүй гэх баталгаа хаана байна. Зуун хувь, юу ч үлдэлгүй устгагдах бай нь бид ч болж мэдэхийг хэн үгүйсгэх юм бэ. Яагаад гэвэл бид тэр орны иргэд биш шүү дээ. Бид оросын ч хятадын ч харьяаны улс биш. Бид туурга тусгаар хил хязгаартай бүрэн эрхт бүгд найрамдах улс.

Хөндлөнгийн аль нэг орны өөрийн үндэстнээс өөр л бол хэнийг ч ялгалгүй алахаар бэлтгэж бүрэн цэнэглээд агсчихсан байгаа үхлийн хөнөөлт тэр зэр зэвсгийг амаа олохгүй магтах нь бодолтой хүний явдал биш. Манай хэвлэл мэдээлэлд өөрийн гэх ухаан санаа байна уу. Нэгэнт чиглэсэн бууны аман дээр цагаан тагтаа суулгаад, уяраагаад, цаасан шувуу өмнөөс нь нисгээд ч зогсохооргүй тийм үзэл цаана чинь байна. Хүүхдүүд ч тэгж дуулахаа больчихсон.

Цэрэг армийн жагсаал, танк, хуягт, байлдааны онгоц сүлжилдсэн энэ мэт дайныг сурталчилсан парад манай Монголын залууст яавч сайны үлгэр болохгүй. Ийм парад ойр ойрхон болж байна гэдэг нь залуусыг дайнч, байлдаанч үзэл рүү чангааж байгаа далд санаа байхыг үгүйсгэхгүй. Бид шинэ залуу үеэ тийм зүйлээс хол байлгаж, дайн гэхээр цус нь хөөрдөггүй, эрдэм мэдлэгээр цэнэглэгдсэн, түүхээрээ бахархдаг, энх тайван амьдралыг эрмэлздэг хүнлэг нийгмийн энэрэнгүй эзэд болгохын төлөө хичээж байгаа. Тэгвэл ийм ч сайн дэлхийд байхгүй хүчирхэг танк тийм ч хол тусч амьдралыг орвонгоор нь хуу арчин хаях пуужин, тийм ч чадалтай цэргүүд жагсаж очоод амьд амьтан үлдээхгүй хядаж, хүчиндэж, дээрэмдэж чадна гэж хөөрлөх нь тэгээд тэдний өмнөөс ингэж бахархах нь хэнд хэрэгтэй зүйл байна аа.

АНУ ялалтын баяраа тэмдэглэдэг. Дайнд оролцож явсан гэх хэдэн авгай, хөгшчүүл хэд гурваараа сугадалцаад л жийпнийхээ ард тэр үед ашиглаж байсан бололтой хуучирч муудсан их буу, зэв болчихсон танк хуягт энэ тэрээ чихчихсэн үзүүлэн болгон харуулж байдаг. Манай аль нэг байгууллагын ойн баярын хэмжээний л юм болоод өнгөрдөг. Дайны тэр гашуун гаслан зовлон, хагацал гунигийг хэзээ ч баяр бахдал байсан хэмээн үздэггүй, аль болох даруухнаар гэхдээ тэр үед дайтаж байсан ахмадаа хүндлэх гавьяаг нь дурсан хүндлэх гэсэн үзлээр тэмдэглэдэг.

Монгол Улс бол ардчиллыг сонгосон. Дайн байлдааны эсрэг, энх тайвныг эрхэмлэн, мөнх тэнгэрийн дор хамтаар энх амгалан оршихыг эрмэлздэг улс. Үүнийг телевизүүд, хэвлэлийнхэн анхаарч жаахан ч гэсэн ухаантай, бодлоготой хандах хэрэгтэй.

Хоёр хөрш маань хүчирхэгжихийн хэрээр бидэнд айдас болгоомжлол заавал төрж байх ёстой. Барууныхан, Америк, Япон, Солонгос маань л адилхан хүчирхэг байгаасай гэж залбирч байхаас өөр зам бидэнд байхгүй. Бидний тусгаар тогтнолын баталгаа баруун буюу гурав дахь хөрш гэдгийг манай өвөг дээдэс мэдэхийн цаагуур мэдэж байсан.

Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн тухайн үедээ хаант оросод айлчилж байхдаа цаагуураа гуравдагч хөршийн эрэлд гарсан байдаг. Тусгаар тогтнолоо аль болох олон оронд зөвшөөрүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгахад Хаант Орос эрс эсэргүүцэж, дэмжээгүй. Гэсэн ч тэрээр өөр ямар нэг хүчирхэг гүрний дэмжлэгийг эрэлхийлж, хөөцөлдсөөр Японоос ирсэн Комада гэх япон хүнтэй энэ талаар ярилцаж байсан тухай түүхийн сурвалжуудад тэмдэглэгдсэн нь бий. Харанхуй шөнөөр хувцсаа солин өмсөж гурав дахь хөршийн эрэлд гаран гүйж яваад оросуудад баригдан буцаан хүргэгдэж байсан юм гэнэ лээ.

Хоёр хөрш маань ингэж л биднийг чанга гараар барьж байсан.

Хэлмэгдэлтийн үед Дилав хутагт Жамсранжав баруунд зугтааж гарснаараа амьд үлдсэн ганц монгол хутагт байсан гэдгийг та мэддэг үү. Бусад хутагт хувилгаад бүх лам нараа бид бүгдийг нь хядаад дуусгасан түүхтэй.

Хэрвээ Монгол Улсад тэр үед гуравдагч хөршийн харилцаатай ямар нэгэн орон байсан бол гучаад оны их хэлмэгдүүлэлтээр 45-55 мянган иргэнээ хядчихгүй байх байсан. Яагаад гэвэл амьд хүн байна даа, гадагшаа дүрвэхийг бодно шүү дээ. Энэ олон монгол хүн баруунд дүрвэн гарсан бол одоо тэнд шинэ цагийн монгол үндэстэн үүсэн бий болчихсон байх байлаа.

Ийм хатуу төмөр хөшигний дотор амьдрах гэж шар махтайгаа хатаж байсан үндэстэн бид. Ардчилал ялаад бид дэлхийд гарах цонх хаалга нээгдсэн гэж үздэг. Тиймээс ардчиллын өлгий орныг цөмийн пуужингаар сөнөөж чадна гэж эндээс тэр хүний өмнөөс хийрхэх ч дээ. Үнэт зүйлсийнхээ өөдөөс нулмих нь зөв биш шүү.

Алив зүйлд цаад утга санаа, гогцоо гэж бий. Бичгийн хүмүүс цэг, таслал тавихдаа хүртэл сэтгэл зүрхээ чагнадаг. Үүнтэй адил Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, мэдээллийн байгууллагууд энэ мэтийг бодож тунгаан, хэлэх, ярихаа бодолцон сэтгэлийн хөөрөл, бусдыг дагаж хийсдэг, туг мэт хөнгөн зан, хамхуул шиг салхины аясаар өнхөрдөг үйлдлээ болих хэрэгтэй.

Ядаж л энгийнээр бодоход олон нийтийн газар ханцуйгаа шамлан хутга бариад яваа хүнийг хараад хэн ч “Ээ энэ хүү яасан сайхан том, хурц хутгатай юм бэ. Тэрний хоолойг яг хэрчиж чадна” гэж магтаж шагшаан шуугиан болдоггүй биз дээ, монгол хүн.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 14 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.