Ш.Гунгаадорж: Улс орон дампуурах гэж байхад өршөөл ярьж суугаа нь тоглоом юм даа

9-р сарын 7 - 12 цаг 26 минут
З.ЭНХБОЛД ҮНЭХЭЭР БОГИНО ЗАЙН ТАМИРЧИН ЮМ-
 
Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын ГУНГААДОРЖТОЙ ярилцлаа.
 
НАМ ТӨРИЙН ДЭЭР ГАРСНААС МОНГОЛ УЛС ДАМПУУРЛЫН ИРМЭГТ ИРЧИХЛЭЭ
 
-Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүний хувьд таниас юуны түрүүнд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж суугааг асуумаар байна. Намрын ид ажлын цагаар Засгийн газар нь “цоорхой”, зургаан сайдаа оруулж ирж чадахгүй байсаар багагүй хугацааг барчихлаа шүү дээ?
 
-Улс төрийн болон улс орны нөхцөл байдал дэндүү ойлгомжтой байна. Төр, засаг гэж алга. Засаг төр нь улс орноо удирдан чиглүүлэх үүргээ биелүүлж чадахгүй. Хаана хэн байгаа нь ч мэдэгдэхээ байсан уймарсан, маргасан. Түмэн олон нь учраа олохгүй, дээшээ төр, засгаа харсан байдалтай. Үндсэндээ Монгол Улс дампуурлын ирмэгт байна. Үлгэрлэж хэлбэл, нэг их том далайд сэлүүргүй завь л хөвж явна. Намайг хэн нэгэн ирж аврах болов уу эсвэл, би живэх болов уу, аз таарах ч юм билүү гэсэн байдалтай байна шүү дээ. Ойр хэтийн зорилтоо яах юм, энэ онд юу болох гээд байна. Улс төр болон эдийн засагт ч мөн амаргүй цаг үе тулгарчихаад байхад Засгийн газраа ч бүрдүүлээгүй сууж байх жишээтэй. 16 яамны зургаа нь эзэнгүй байна гэдэг бараг 40 хувь нь эзэнгүй гэсэн үг. Цаашлаад УИХ нь байгаа, байхгүй нь мэдэгддэггүй. Ээлжит бус чуулган нэртэй юм хийгээд араасаа бөөн хэрүүл маргаан тарьсан байдалтай. Уг нь төрийн эрх барих дээд байгууллага нь улс орны байдал ийм болчихлоо. Эдийн засаг хүндэрчихлээ гэж өнөөдрийн улс орны нөхцөл байдлыг ярихын оронд өршөөл энэ тэр гэсэн хууль батлаад сууж байх юм. Өршөөлийн хуулийг ач холбогдолгүй гэх нь хаашаа юм. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаар нь эрэмбэлбэл өөр чухал олон асуудал байна. Гэтэл ийм юмаар маргасаар энэ зуныг өнгөрөөж байгаа нь үнэхээр улс орон эзэнгүйрсний шинж. Ерөөсөө л улс орон дампуурлын ирмэгт ирчихлээ.
 
-Засгийн газрын тэргүүн ер нь ажлаа хийж байна уу гэвэл та ямар хариулт өгөх вэ. Ч.Сайханбилэг сайд ажлаа аваад 8-9 сар өнгөрч байгаа ч дорвитой ганц шийдэл гаргасангүй. “Сааль сүүний” цагаар танхимаа таллаад хаячихсан. Хэдэн сайдаа нөхөөд томилчихож чадахгүй суудаг нь ямар учиртай юм бэ?
 
-Би Засгийн газрын тэргүүнийг ажлаа хийхгүй байна гэхгүй. Гэхдээ бас хийж байна гэхэд ч хэцүү болчихлоо. Ажлаа хийхгүй байна гэхээр олон шалтгаан байна. Өөрөөр хэлбэл, энэ хүнд ажлаа хийх боломж олдохгүй бас олгохгүй байна. Би энэ талаас нь харж байгаа юм. Залуу хүн бодож санаж байгаагаас гадна алдаж, онож байгаа нь ч их байх шиг байна. Их хийтэй ч хөдөлж байна. Засаг толгойлох, улс орныг удирдах туршлага мөн дутаж байна. Гэтэл үүнд нь зааж, зөвлөөд өгөхгүй юм. УИХ нь Засгийн газраа чиглүүлээд явахын оронд харин ч ажилд нь садаа болоод төрийн гурван өндөрлөг нь хоорондоо хэл амаа ололцохгүйгээс болоод засаг нь яах учраа олохгүй байна шүү дээ. Энэ залуу /Ч.Сайханбилэг/ эргэлзсэн, эргүү хурга гэмээр л байдалд орчихлоо. Би хувьдаа Ч.Сайханбилэг гэдэг залууг ажил хийж чадахгүй байна гэхээсээ илүү төрийн эрх барих дээд байгууллага УИХ нь ажиллахгүй байна. Дарга нь УИХ-аа зохих ёсоор удирдан зохион байгуулж чадахгүй, олон намын оролцоотой бүрэлдэхүүнээ ажиж, улс орноо дампуурал, хүндрэлээс яаж гаргах юм. Засгийн газраа түргэн яаж бүрдүүлэх вэ гэдэг залж чиглүүлэх ажлыг хийхгүй байна гэж хэлнэ. УИХ үндсэндээ үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс тарах хэрэгтэй. Үгүй бол Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу ажиллаад улс орноо удирдан чиглүүлэх үүргээ биелүүлэх хэрэгтэй. Үндсэндээ би УИХ-д гол бурууг тохож байгаа юм.
 
-АН төрийн дээр сандайлчихсан, төрөөр тоглож байна л гээд байгаа. Түүний гор ингэж гарч байгаа хэрэг үү?
 
-Нам төрийн толгойд гарлаа гэдэг үнэхээр үнэн. Яахав Ардын нам засаг толгойлж байхад нам давамгайлаад л байсан. Гэхдээ одоогийнх шиг 2015 он шиг ингэж нам давамгайлаад төрийг барьж байгаагүй юм. Ялангуяа УИХ-ын дарга АН- ын дарга болсноос хойш энэ байдал улам хурцадлаа. Түүний муу үр дагавар улам их болж. Засаг төрийн үймээн, улс орны эдийн засгийн дампуурал үүнээс эхтэй. Ерөөсөө нэг намын дарга УИХ-ын даргын суудлыг авч байгаа явдал ихээхэн хор уршигтай. Тэр дундаа жил хүрэхгүй хугацааны дараа сонгууль болох гэж байгаа үед энэ хоёр албан тушаал нэгдэж болохгүй. Харин Засгийн газрын тэргүүн намын дарга байхад нэг их хор уршиг мэдэгдэхгүй. Магадгүй сайн талтай байж болох. Гэтэл 5-6 намын оролцоотой 76 гишүүнээс бүрдсэн УИХ- ын дээр нэг намын дарга байна гэдэг болохгүй асуудал. Ганцхан З.Энхболд ч биш М.Энхболд, Д.Тэрбишдагва ч юмуу одоогийн жишгээр намынхаа даргаар ажиллахаас гадна УИХ-ын даргаар ажиллабал бас л өнөөгийнх шиг нөхцөл үүсэх байх. З.Энхболд намын даргын суудлыг авснаасаа хойш УИХ-ыг удирдан чиглүүлэх болон Үндсэн хуульд заасан УИХ-ын үүргийг биелүүлэхгүйгээр намын ажлыг төрийн толгойд гаргах ажлыг өөгшүүлсэн. Үүнээс болоод улс эх орон дампуурч, зүг чигээ олохоо байсан. Засаг, төр нь яаж ажиллах, аймаг орон нутаг, олон түмэн нь яах юм гээд юугаа ч мэдэхээ байчихсан, эргэлзээтэй байдалд орчихоод байна шүү дээ. Хэрэв энэ УИХ байвал байсан шиг байж, УИХ-ын дарга нь нам руу хэлбийлгүйгээр спикерийн ажлаа хийх хэрэгтэй байна. Үүнийг УИХ-ын гишүүд дотроо ярилцах хэрэгтэй. Хэрвээ өнөөдрийн байдал цаашид үргэлжилбэл ихээхэн хор хохиролтой, сонгууль ойртох тусам хор уршиг улам их болно.
 
ӨНӨӨДРИЙН НӨХЦӨЛД БИ МАН-Д ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАЖ БАЙНА
 
-Тэгвэл энэ хор хохирлыг бага байлгахын тулд яах ёстой юм бэ?
 
-Би энд МАН-ыг буруутгаж байгаа юм. Учир нь, эд засгаас гарч, сөрөг хүчин болоод сар гаруйн хугацаа өнгөрчихлөө. Гэтэл таг чиг, бүлх залгисан юм шиг суугаад байдаг. Ганц нэг гишүүн л бичиж байна. Уг нь намын бүлэг, нам дуугарах ёстой юм. Эсвэл хуйвалдаад суугаад байдаг юм уу. Үгүй бол бас л зүг чигээ мэдэхгүй байгаа юм уу. Сөрөг хүчин гэдэг сөргөлдөхдөө биш. Улс орон өмнө нь байгаагүй хүнд байдалд орчихлоо. Эдийн засаг, улс төрийн хямрал бий боллоо. Байгаль цаг уурын нөхцөлөөс болоод хөдөө аж ахуйд ямар их хор хохирол учрах гэж байгааг бүгд хараад сууж байна. Өвөл зуд болох нь гарцаагүй болчихсон байхад сөрөг хүчин яагаад дуугүй суугаад байдаг юм. Туршлагатай тулхтай намынхаа хувьд одоо яах ёстой, яаж ажиллавал зөв гэдгийг хэлж ярихгүй байгаа юм. Хэрүүл маргаан талаас биш хэлцэж зөвлөх, шүүмжлэх талаас нь МАН эрчтэй ажиллах ёстой. Гэтэл ерөөсөө дуугарахгүй юм. Тиймээс МАН хариуцлагаа дээшлүүлж дуугармаар байна.
 
-Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг харахаар МАН хэчнээн дуугарч шаардаад эрх баригч, шийдвэр гаргагчид нь хүлээж авахгүй байгаа юм биш үү. Тэр тусмаа МАН засгаас гарчихсан энэ нөхцөлд ганц нам бүгдийн толгойд гарчихсан. Тэр бүү хэл, Ерөнхий сайдаа ч үндсэн үүргийнх нь дагуу ажиллуулахгүй байна шүү дээ?
 
-МАН энэ байдлыг өөрчлөх үүднээс сөрөг хүчнийхээ байр сууринаас шаардлага тавих хэрэгтэй байна шүү дээ. “УИХ- ын дарга намын дарга байгаа нь буруу. Хуульдаа болохгүй гэж заагаагүй ч энэ буруу, үүнийг өөрчилье” гэж шаардах хэрэгтэй. УИХ-ын даргад ханд л даа. “Та нэг бол УИХ-ын даргаа хий, үгүй бол намын даргаа хий” гэж хэл л дээ. Яагаад болохгүй байгаа юм. Нөгөө талаас улс орны байдал хүнд байна, одоо ийм арга хэмжээ авмаар байна гээд шаард. Тэд саналыг нь хүлээж авах эсэх тийм ч чухал биш. Гол нь олон түмэнд нээлттэйгээр энэ шаардлагаа тавьж, мэдэгдэж байх хэрэгтэй шүү дээ. Ард түмэн ярьж байна, цаана чинь. “МАН яагаад дуугарахаа байв, сөрөг хүчин таг чиг болчихлоо” гэж байна. Би ч бас Монгол ардын намын хүн. Гэхдээ өнөөдөр би МАН-д шүүмжлэлтэй хандаж байна. Яагаад сар гаруйн хугацаанд таг чиг болчихов. Зургаан сайдаа засгаас гаргачихлаа гээд цочролд орчихоод байгаа юм уу. Ард түмэн харж байна шүү дээ. МАН арай илүү туршлагатайг мэднэ. Яах ёстой юм, ийм нөхцөл байдалд яаж ажиллах ёстойг хэлэх ёстой. Эд яах нь уу гээд хараад суух биш, тодорхой саналаа хэлж, ярих хэрэгтэй. Ард түмэндээ мэдэгдэх хэрэгтэй байна шүү дээ.
 
-Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАН орон, гарсныг та ер нь юу гэж дүгнэсэн бэ. Анх ороход нь янз бүрээр л ярьж байсан. Харин засгаас гарахад нь анхнаасаа орох хэрэггүй байсан ч гэдэг?
 
-Би засагт орсныг буруу гэж бодохгүй байна. Ороогүй бол үүнээс ч илүү зэмлэл сонсоно. “МАН хувиа бодсон, улс орноо бодсонгүй, сонгуулийнхаа бэлтгэлийг хийх гээд хойш суучихлаа” гэх байсан. Ард түмэнд ч тэгж ойлгогдоно. Үнэхээр хамтраад болж бүтэх юм байвал болгоё гэж орсон нь буруу биш. 2008 оныг би бас дэмжиж байсан. Тухайн үед буруу зөрүү юм байсан л байх. Гэхдээ л 20 жил яваагүй хоёр толгойг хоёр нам нийлээд л хөдөлгөсөн шүү дээ. 2008 онд олон сайн зүйл нийлснээс олон сайн үр дүн гарсан. Нийлээгүй бол ийм үр дүн гарахгүй байсан. Ер нь нийлж хамтрахын буруу гэж ерөөсөө байхгүй. Гагцхүү ухаалгаар, нэгдэн, санаа оноогоо нэгтгэх нь чухал. Харин энэ удаад нийлсний буруугаас биш гэнэтхэн л АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэр гаргачихсан шүү дээ. Цаана нь Өршөөлийн хууль хатгаад л ийм зүйл болчих шиг болсон. Ерөөсөө л МАН-ыг засгаас түргэн гаргая, дараагаар нь эвсэлтэй нэгдье гэж үзсэн бололтой юм билээ. Гол шалтгаан нь Өршөөлийн хууль шиг байгаа юм. Миний бодож байгаагаар эвслийнхэн “За та нар тэгвэл Өршөөлийн хуулийг л гарга” гэснээс үүдэлтэйгээр өрнөсөн асуудал шүү дээ. Энэ ерөөсөө л ил тод байгаа зүйл. Түүнээс биш МАН засагт ороод хор уршиг тарьсан юм огт байхгүй. Чухамдаа МАН ил баймаар байгаа юм. Ийм юм болж байна гэдгийг ард түмэндээ ил зарлаж баймаар байна. Манайхан төрийн толгойд нам гарлаа гэж яриад байгаа. Тэгвэл тэрийгээ юу гэж хэлээд байгаа юм. З.Энхболд ийм байдалд оруулчихлаа гэж хэлэхгүй байна шүү дээ. Энэ бүхнээ л тод тавих хэрэгтэй. Ерөөсөө л МАН ард түмнийхээ дунд орох хэрэгтэй.
 
УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД АРАЙ Ч ИЙМ БАЙГААГҮЙ
 
-Нэгэнт замын дундаас “нөхөөс”- тэй болчихсон Засгийн газар үр дүнтэй ажиллах гарц танд харагдаж байна уу?
 
-Анхнаасаа л замын дундаас “нөхөөс” хийх нь буруу байхгүй юү. “Нөхөөс” хийхийн эхлэлийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл шийдчихсэн шүү дээ. Анх гэрээ байгуулахдаа хадаг самбай бариад очсон улс замын дундаас ганцаарчилж шийдвэр гаргаад л эхэлсэн. Энэ юуг харуулж байна гэхээр намын дарга УИХ-ын дарга байгаагийн гор гарч байгаа нь энэ. “Манай намын дарга УИХ дээр байгаа юм чинь бүх юмыг түүгээр шийднэ” гээд сэтгэчихсэн. Тиймээс нам их зоригтой үзэж байгаа нь тэр. Ингээд л нэг хүн УИХ-ын, АН-ын дарга гэдэг хоёр албыг зэрэг хашиж байгаад л хамаг учир байгаа биз.
 
-Энэ үйл явцыг “Төрийг гудамжнаас удирдсан” ч гэж хэлж болохоор байсан. Ер нь эрх барьж байгаа намын дээд байгууллага Засгийн газрыг бужигнуулдаг байж болох юм уу. Ийм тохиолдол өмнө нь байв уу?
 
-Ерөөсөө л гаднаас нь удирдсан шүү дээ. Урд өмнө ийм зүйл огт байгаагүй. Нам төрийн ажилд оролцох тохиолдол байлгүй яахав. Бүр зарим нэг хэлбэрээр оролцох ч ёстой. Гэхдээ ингэж хутгалдаж дотор нь ордоггүй юм. Манай намын дарга УИХ- ын дарга юм чинь бидний шийдвэр ногоон гэрлээр явна гэсэн зориг зүрхтэй байгаа нь тэр. Энэ бол ерөөсөө хууль зөрчиж байгаа асуудал.
 
-Тэгэхээр АН-ынхны энэ дур зоргыг хэн хазаарлах вэ?
 
-Хазаар тавих боломж нь Намын дарга УИХ-ын дарга хийж байгааг л болиулах. Ерөөсөө хамгийн эхний гарц энэ. Үүнээс л үйл явдал өрнөөд байна. УИХ-ын дарга З.Энхболд намын даргын албыг аваагүй байхдаа арай ийм байгаагүй юм. Намын дарга болоогүй байхдаа бас ч учиртай байсан. Гэтэл нам, төр хоёр нийлчихээр ийм байдал руу орчихоод байна. Нам нь төр болчихсон. Сонгууль болоход цөөхөн сар үлдлээ, улам гаарна. Юуны түрүүнд нам, төр хоёр холилдсоныг л засах хэрэгтэй. Үүний тулд УИХ-ын даргад шаардлага тавимаар байгаа юм. “Та намынхаа даргыг, үгүй бол УИХ-ынхаа даргыг хий”. Ингэж байж цаашаа хэрхэхээ ярилцах хэрэгтэй. Бүр сүүлдээ АН-ынхан дотооддоо учраа олохгүй, засгаа бүрдүүлж чадахгүй байх жишээтэй. Энэ нь аль нэг намаас болсон зүйл огт биш. Дахиад л хоёр суудалтай намын даргад хамаатай. Тэндээс л утсан татуургаар татаж, чиглүүлээд байгаагаас шийдэлд хүрч чадахгүй байна. Тэндээс л “Хэрвээ чи ингэвэл дараагийн УИХ-д гаргахгүй, чамайг эсрэг санал өгвөл ингэнэ шүү” гэж заналхийлээд байдаг. Энэ бол илэрхий байгаа зүйл. Өмнө нь, парламентын түүхэнд ийм зүйл байгаагүй юм. Өнөөдөр төрийн хямрал үүсэх гол шалтгаан үүнээс л болж байна гэж би хувьдаа дүгнэж сууна. АН-ынхан бол дараагийн сонгуульд гарахын тулд таг дуугүй хярчихаад л З.Энхболдыгоо дагаж залбираад байна. Эд яахав араа бодоод ингэдэг байж. Гэтэл бусад нь яасан юм, 3-4 нам бий шүү дээ.
 
-Энэ парламентад маш бага хугацаа үлдсэн. Гэхдээ бүх зүйлийн зангилаа болоод байгаа хоёр өөр албан тушаалыг нэг хүний гарт төвлөрүүлснийг болиулж, зөв гольд- рилд нь оруулах боломж байна уу?
 
-Аливаа зүйлд голлох шалтгаан гэж бий. Бүх юмны зангилаа л энд байна гэж хараад байгаа юм. Тэр зангилааг эхлээд тайлах хэрэгтэй. Гэхдээ үүний цаана олон юм бий л дээ. Ганц энэ байдлыг заслаа гээд бүх зүйл цэгцэндээ орно гэж байхгүй. Гагцхүү намын дарга УИХ-ын даргын суудлыг салгасны дараа зөвшилцөж, ойлголцохоос авахуулаад байдал арай өөр болж ирнэ. Энэ хоёр албан тушаалыг нэг хүн хаших нь буруу нь амьдрал дээр харагдаад байгаа учраас цаашдаа аль нэг намын даргыг спикерээр тавихгүй байх заалтыг УИХ-ын тухай хуульд юмуу Үндсэн хуульд тусгах хэрэгтэй. Ингэж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Сонгуулийн тухай хууль, эдийн засгийн хямралаас гарах, хоёр толгойгоо ажилд түргэн оруулах, хөдөө аж ахуйгаа анхаарах, экспортоо нэмэгдүүлэх бодлогын чанартай олон ажлаа явуулах боломж бүрдэнэ.
 
ЕРӨНХИЙ САЙД ЗАЛУУРЫН ХҮН БОЛЧИХОЖ
 
-УИХ-ын тухай юм уу эсвэл Үндсэн хуульд аль нэг намын дарга УИХ-ын даргаар ажиллаж болохгүй гэдэг заалт байхгүйг та сая хэллээ. Анхнаасаа “хуулийн цоорхой”-г ашиглаад нэг хүн ноёлчихсон. Дээрээс нь АН-ын олон фракци төрийн ажилд хутгалдаад байгаа нь даарин дээр давс нэмээд байна л даа?
 
-З.Энхболд манай нам фракцигүй боллоо гэж амаараа зарласан ч амьдрал дээр олон фракци нь байгаа учраас л засгаа байгуулж чадахгүй байна шүү дээ. Засаг байгуулж, сайдаа томилж чадахгүй. Аливаа асуудалд миний хүн, чиний хүн гэж ханддагаасаа болоод Ерөнхий сайд зарим зүйлийг хүлээж авахгүй байгаа юм. Тэр хүн /Ч.Сайханбилэг/ үлдсэн цөөхөн сард аль болохоор мэдлэг, чадвартай баг бүрдүүлэхийг бодож байгаа байх, залуу хүн. Гэтэл хэн нэгний цүнх барьж гүйж явсан нөхрийг оруулаад ирвэл Ерөнхий сайд татгалзах эрхтэй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдынхаа байр суурин дээр байж чадахгүй нэг бодлогоо тэр чигт нь явуулж чадахгүй, олон хувирч байгаа гэх олон дутагдал байна л даа. Гэхдээ энэ бол уучилж болох дутагдал. Хамгийн гол нь энэ хүнд нам нь ч төр нь ч ажиллах боломж олгохгүй байна. Нам, төр хоёр нэг дор орчихсон учраас засгийг яг атгачихаад “Чи үүнийг томил, энэ хүнийг тэр суудалд тавь” гээд Ерөнхий сайдаа зүгээр нэг залуурын хүн болгочихсон. Гэтэл мань хүн ингэтлээ залуулмааргүй байна шүү дээ. Тиймээс л “Намын дарга Ерөнхий сайд байх ёстой” гэдэг шаардлагыг хүртэл хурлын даргадаа хүргэлээ. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз. Би намын дарга болъё гэсэн үг биш. Нэг талдаа шингэ гэсэн л утга харагдаад байгаа биз. Үүнээс өөрөөр наад хоёр суудалдаа зэрэг сууж болохгүй гэдгийг хэлэх хүн алга. Нэг үгээр бол би намын даргаа, та хурлын даргаа ав гэсэн санаа мөн биз. Гэхдээ энэ бол ямар нэгэн амбийц биш.
 
-Аль нэг намын дарга нь УИХ-ын дарга байхаар эрх ашгийн зөрчил үүсдэг юм гэдгийг З.Энхболд мэдэхийн дээдээр мэдэж байж таарна. Энэ хүнд иргэний зориг гаргаад хоёр суудлынхаа нэгийг өгчих зориг байдаггүй юм болов уу?
 
-Хэрэв З.Энхболд ухаантай, улс орноо, ард түмнээ боддог, үнэнч шударга, төрийн хүн мөн л юм бол анхнаасаа хэлэх ёстой байсан. Намын дарга болохдоо л “Намайг намын дарга болгоё гэж байгаа бол би УИХ-ын даргаа өгье” гэдэг саналыг тавих ёстой байсан. Гэхдээ мань хүнд тийм зориг зүрх дутсан. “УИХ-ын даргын албыг намын даргынхтай хамтатгаж аваад би цаашаа явах ёстой...” гэдэг ойрын бодолд автсан учраас энэ хүнд төрийн ухаан дутаж байна.
 
-Хувь хүнийхээ амбийцаар явчихлаа гэж та хэлэх гээд байна уу?
 
-Яг л тэглээ. Уг нь би З.Энхболдыг мэдлэг, чадвартай, сайн залуу гэж үнэлдэг. Харин одоо мань хүн маш богино зайд гүйгээд байна. Төрийн эрх барих дээд байгууллагыг 76 хүнтэй нь удирдаад явах бяд дадлага, туршлага дутаж байгаа нь харагдлаа шүү дээ. Ерөөсөө энэ нөхрийг богино зайн тамирчин гэж харж байна даа.
 
-З.Энхболд даргын зарим гишүүний үг хэлэх эрхийг хаах, хэл амаар доромжлох гэх мэт зохисгүй үйлдэл гаргасныг ч бас та энд яриад байна уу?
 
-Улайм цайм юмнууд л гараад байна шүү дээ. Хурал удирдаж байгаа байдлыг нь ч харахад заримдаа учиргүй улалзаж уурлаж ч байх шиг. Хүн рүү дайраад ч зохисгүй үйлдэл их гаргах юм. Энэ бол жижиг юм. Гэхдээ асуудал жижигддэггүй. Тэр жижиг нь одоогийн улс орны хэмжээний хор хохирол гарах эх сурвалж болчихож байгаа юм. Ер нь УИХ-ын дарга, улстөрч гэдэг тэр том байгууллагын толгойд суугаа учраас уужуу, саруул ухаантай байх ёстой.
 
-Цаашаа УИХ үндсэн үүргийнхээ дагуу ажиллаж чадна гэж найдалтгүй юм биш үү?
 
-Би З.Энхболд гэдэг хувь хүн рүү дайраад байгаа юм биш. Ерөөсөө зарчим ийм байна. Нэг хүн хоёр суудалд заларч болохгүй юм гэдгийг харууллаа шүү гэдгийг л яриад байгаа юм. Үүнийг өөрчлөхгүй бол байдал сайжраад сайхан болчихно гэж харахгүй байна. Сонгууль дөхөх тусам л намын ажил идэвхжиж таарна. Тэгэхээр УИХ-ын гэхээсээ илүү намын даргын ажил нь л улам давамгайлах нь гарцаагүй. Тэрнээсээ салж ч чадахгүй.
 
-Үндсэндээ УИХ тарах хэрэгтэй гэдэгтэй та санал нийлэх үү?
 
-Нэг их хүсэх зүйл биш л дээ. Ингэж үлгэн салган явж байгаад хугацаагаа дуусгаад дараагийн сонгуультай залгаасай л гэж бодож байна. УИХ тараасай гэж бодохгүй байна. Гэхдээ нам, төр хоёр нэг төвтэйгөөр удвал угаасаа УИХ цаашаа удаан явахгүй. Ингэж үргэлжилбэл тарахаас өөр гарц байхгүй.
 
ДЭЭР ДООР ОРСОН, ДЭЭЛ МАЛГАЙГАА ХУВААСАН БАЙДАЛТАЙ БОЛЧИХЛОО
 
-Өнгөрсөн ээлжит бус чуулганаар баталсан, араасаа багагүй шуугиан дагуулсан хоёр Өршөөлийн хуулийн талаар байр суурийг тань сонсъё. Авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхөөр болсон учраас Ерөнхийлөгч хориг тавьсан. Гэтэл Эдийн засгийн өршөөлөөр бас л баахан олигархиуд нууж, хулгайлсан хөрөнгөө ил гаргах гэж байхад Төрийн тэргүүн хориг тавьсангүй?
 
-Би үүнийг чинь л хэлээд байна. УИХ өөрийнхөө жинхэнэ үүргийг гүйцэтгэхгүй байгаа хэрэг. Өршөөлийн хууль хэрэгтэй юү гэвэл, тийм. Гэхдээ тэгтлээ тулгамдаж ээлжит бус чуулган зарлаж хэлэлцээд байх асуудал мөн үү гэвэл үгүй. Өнөөдөр улс орон ямар байдалтай байна. Ард түмний аж амьдрал яаж туйлдаж байна. Гараад хар л даа. Талх хувааж авч байна шүү дээ. Би сая Хөвсгөл яваад ирлээ. Бас л хүнд байна. Нийслэл ч ялгаагүй. Ээлжит бус чуулганаар ийм л тулгамдсан асуудлыг ярьдаг. Ажлын хэсэг гаргах, эрдэмтэн мэргэдийн үгийг сонсч санал боловсруулах учиртай юм. Хоёр толгойгоо бас хэлэлцэх хэрэгтэй байсан. Гэтэл нэг толгойг нь /Тавантолгой/ дарсаар байгаад гацаачихсан. Нөгөөг нь Ч.Сайханбилэг жаахан хөнгөдөөд гарын үсэг зурчихсан нь бас л буруудсан. Эхний ээлжид энэ хоёр толгойг ажилд оруулах нь чухал. Ингэж хэлэхээр хоёр толгой Монгол Улсыг аврах нь гэж ойлгож болохгүй. Үүний хажуугаар бусад салбараа хөгжүүлээд явах учиртай. Эцсийн дүндээ эдийн засгийн хямралаас яаж гарах вэ гэдэг тулгамдсан асуудлаа л ээлжит бус чуулганаар ярих учиртай юм. Өршөөлийн хуулийг намрын чуулганаар хэлэлцье гэж байснаа гэнэт л сэрээж гаргаж ирээд л Засгийн газраас оруулсан хуулийг танигдахгүй болгоод гаргаад ирсэн. Ийм л хачин юм болоод байна. Дээр доор орсон, дээл малгайгаа хуваасан байдалтай болчихлоо. УИХ муу ажиллаж байна, энэ нь спикер муу ажиллаж байгаагийн л илрэл.
 
-Эрүүгийн өршөөлийн хуулийг яаран баталсан нь Н.Энхбаяр гэдэг хүнийг л “цэвэрхэн” болгож улс төрд оруулах байсан юм биш үү.
 
-Түүнийг бол мэдэхгүй. Нэг хуулийг хүнтэй холбож ярих нь хаашаа юм. Гэхдээ бас үгүйсгэх ч аргагүй. Олны үг ортой гэдэг. Гол нь авлигачид, улсын хөрөнгө идэж, ашигласан нөхдийг л өршөөх нь асуудлын гол байгаа юм. Эцсийн дүндээ үүнээс болоод ард түмнийг талцуулчихлаа. Эргээд энэ чинь УИХ-ын л буруу. Тэр дундаа хурал удирдаж, залж чиглүүлж суугаа хүний л буруу шүү дээ.
 
-Тавантолгойг гацаасан нь ерөөсөө эрх ашгийн зөрчил юм биш үү. Нэг тийш нь болгоод явуулъя гэхээр “Би хэдэн хувийг нь авах юм, надад ноогдох хувь нь хэд юм” гээд л хэвтчихдэг?
 
-Ерөөсөө л тийм. Хэдхэн хүний л эрх ашгийн зөрчлөөс болоод улс орон, ард түмэн л хохирч байгаа тод жишээ энэ. -Эрх баригчдад ард түмнээ бодох сэтгэл гэж алга. Хувь эрх ашгаа л нэн тэргүүнд тавиад байгаад эгдүүцэх хүн олон байна. -Эрх баригч, шийдвэр гаргагчид ард түмнээ боддог бол өнөөдөр ийм байдалтай байхгүй шүү дээ. Ард түмнээ боддог бол ээлжит бус чуулганаар эдийн засгаа л ярина биз дээ. Улс орон дампуурах гэж байхад өршөөл яриад сууж байгаа нь тоглоом юм даа.
 
-Төрийн эрхэнд гарсан улсыг ард түмнээ боддог болгох боломж байна уу?
 
-Төрийн институциудыг Үндсэн хуульд заасных нь дагуу ажиллуулах хэрэгтэй. Тэгэхээр л Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих хэрэгтэй болоод байгаа юм. Эрх мэдлийн хуваарилалт буруу байгаагаас л байдал буруу тийш эргэчихлээ. Бид Үндсэн хуулийг анх батлахдаа жинхэнэ сонгомол УИХ-ыг байгуулаагүй юм шүү дээ. УИХ, Ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгоно гээд заагаад өгчихсөн. Ерөнхийлөгчийн засагтай ч юм шиг, парламентын засагтай ч юм шиг болчихоод байна гэсэн үг. Тэгэхээр одоо парламентаа сонгодог утгаар нь хэлбэршүүлэх цаг нь болсон. Парламентыг ард түмнээсээ сонгодог. Зарим оронд парламент нь хоёр танхимтай байх нь бий. Манайд бол энэ жишгээр хоёр танхимтай байх нь илүү зохимжтой байж болох. Нэг нь ард түмний төлөөлөл орсон том танхим. Нөгөө нь хуулиа баталдаг байх нь илүү зүгээр. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр энэ талаар маргаад л байгаа юм билээ. Ер нь Монгол Улс парламентаа жинхэнэ сонгодог утгаар нь хөгжүүлмээр байгаа юм. Засгийн газартаа жаахан эрх мэдэл өгөх хэрэгтэй. Парламент нь засгаа барьчихаад л чамайг ингэнэ, тэгнэ гээд л гүйцэтгэх засаглалаа хүлчихсэн. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хийх хэрэгтэй.
 
-Энэ парламентын үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадах юм уу. Маш бага хугацаа үлдээд байна л даа?
 
-Байлгах л хэрэгтэй. Ажлын хэсэг жил гаруйн хугацаанд ажиллачихсан шүү дээ. Ерөнхий хуулиа боловсруулчихсан, гагцхүү чуулганаар хэлэлцэх л дутуу. Гэтэл чуулган нь ээрч муураад байхаар Үндсэн хууль нь ч, Сонгуулийн хууль нь ч алга. Өршөөлхнөөр цаг бараад байдаг парламенттай болчихлоо.
 
УРГАЦ АЛДАХ НЬ ГУРИЛЫН ҮНЭ ӨСӨХ ШАЛТГААН БОЛОХ ЁСГҮЙ
 
-Тантай уулзсаных газар тариалан асуухгүй өнгөрч болохгүй нь. Үр тариа эрхлэгчдийн холбооныхон ургацынхаа 70 хувийг, харин салбарын сайд 40 орчим хувийг алдана гээд байгаа. Яг бодит нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
 
-Төчнөөн өчнөөн хувь алдана гэж маргаад байх хэрэггүй. Тариалан эрхлэгчдийн холбооныхон л ургац алдана гэж анх зарласан юм. Тэр ямар ч утгагүй, мэдээлэлгүй хүний хоосон үг. Харин факт юу вэ гэхээр ургацаа бүрэн авч чадахгүй нь тодорхой болсон. Чухам хэдэн хувь гэдгийг бурхан ч тогтоохгүй. Газар дээр нь очиж, харж байж л тогтооно шүү дээ. Хэн нэг нь тойрч давхичихаад төдөн хувь гэдэг юм биш. Газар тариаланд ган болж, хохирол учирсан нь үнэн. Хамгийн сүүлийн мэдээгээр 60 орчим хувь гэж байна лээ. Энэ бол багцаатай тоо. Гэхдээ ургац алдана гэдэг нь нэг хэсэг нь бүрэн алдана, нөгөө нь тэжээл болно гэсэн үг. Үлдэж байгаа хувь нь гурил болох эсэхийг хэлэхэд хэцүү. Ингээд хураасан тариагаараа гурил хийнэ. Тэр гурил ард түмэнд хүрэлцэх үү гэвэл 240 мянган тоннын үлдэгдлээ тооцохоор дутаж таарна. Үрийн буудай ч дутна. Энэ бол мэдээж том асуудал л даа.
 
-Ургац алдах нь эдийн засагт, тэр дундаа жирийн иргэдийн амьдралд яаж тусах вэ?
 
-Ургацаа бүрэн хурааж авбал гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана. Ард түмэн өөрийн эх орны, хямд үнэтэй гурил иднэ. Цаашлаад хадлан сайн гарвал өвлийн зудыг хохирол багатай давна. Гэтэл энэ жил Дорнод, Сүхбаатараас гадна тэр дундаа тарилангийн бүс нутгаар бараг хадлан гарсангүй гэх мэтчилэнгээр уршиг нь асар их.
 
-Гаднаас улаанбуудай импортлох нь тийм муу хэрэг үү. Бас л хэрүүлийн бай болоод байгаа асуудал. 100 гаруй мянган тонн улаанбуудай оруулж ирнэ гэчихээр л дотоодын үйлдвэрүүд дайн зарлачих гээд байгаа шүү дээ?
 
-Улаанбуудай импортлох нь муу зүйл биш. Аль ч улс оронд байдаг жишиг. Гэхдээ мэдээж илүү зардал гаргалгүйгээр дотоодынхоо хэрэгцээг хангах нь сайн. Энэ жилийн хувьд улаанбуудай зайлшгүй оруулж ирж таарах байх. Гэхдээ хэмжээг хэлэхэд эрт байна. Хамгийн гол нь хэрэглэгчийн эрх ашиг. Ерөөсөө тариа тарьж байгаа тариачин, түүнийг нь боловсруулж байгаа үйлдвэр, үүнийг нь хэрэглэж байгаа хэрэглэгч гурвын эрх ашиг нэг цэгт төвлөрч байх учиртай юм. Тэгэхээр гурилын үнэ айхтар өсөх шалтгаан болохгүй гэж бодож байна. Импортоор буудай авахад манайхаас илүү үнээр оруулж ирэхгүй гэж бодож байна. Тиймээс гурилын үнэ айхтар өсөх шалтгаан байхгүй. Бага хэмжээгээр өслөө гэхэд хэрэглэгчийн эрх ашгийг хохироохгүй байх үүднээс төр үүнийг зохицуулах арга хэмжээ авах ёстой. Тэртэй тэргүй амьдрал муу байхад мах, гурил л хэрэглэдэг улс чинь үнэ өсгөчихвөл яах билээ.
 
М.Өнөржаргал
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 11 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.