Э.Цолмонбаяр: Босуул киноноос Монгол үнэртэнэ

9-р сарын 6 - 18 цаг 19 минут

Монголын кино урлагт “Босуул” хэмээх нэгэн шинэ бүтээл төрж байна. “ТВ коктейль" хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр тус киноны продюсероор ажиллажээ. Түүнтэй уран бүтээлийн яриа өрнүүлснээ хүргэе.

-Найруулагч Ж.Сэнгэдоржтой хамтарч “Sun picture” нэртэй продакшн байгуулсан гэсэн. Энэ талаараа манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

 
-Манай Ж.Сэнгэдоржийг найруулагч, уран бүтээлч, удам судрынх нь хувьд ямар хүн бэ, хэрхэн ажилладаг гэдгийг хүмүүс мэдэх байх. Ж.Сэнгэдорж ямар нэгэн гаднын кино хуулбарладаггүй, яг өөрийнхөө оюун санаанаас гарсан бүтээлээрээ монгол кино бүтээж, хөгжүүлэх гээд доороос дээш нь хаана очих ёстой тэр хүртэл явах гэсэн түүний зорилго биднийхтэй нэгдсэн учир “Sun picture"-ийг хамтран байгуулсан.
 
-Продакшны гол зорилго юу вэ?
 
-"Sun picture" нь кино урлагийн төлөө нэгдсэн маш том баг. Монголын кино урлагт бахархмаар зүйл олон бий. Жүжигчид маань дэлхийн алдартай найруулагчтай хамтарч сайхан кинонд тоглож байна. Монголын кино театрт дэлхийн олон орны уран бүтээл нээлтээ хийж байна. Энэ бол бидний бахархал. 
 
Гэхдээ бид Монголын найруулагч, тэдний санааг дэлхийд гаргахыг хүсч байгаа юм. Бид дэлхийд Монголоороо гарахыг л зорьж байна. Манай багийн "Монголын кино урлагийн шинэ түүхийг хамтдаа бүтээцгээе” гэсэн уриа бий. Ингэж л бид Монголын кино урлагийн уран бүтээлчдээ уриалж байгаа. Алтан үеийнхний сайхан кинонуудыг одоо ч үзэхэд уйддаггүй шүү дээ. Үүнтэй адил бид Монголын кино урлагийн шинэ үеийн түүхийг хамтдаа бүтээхийг л зорьж байна.
 
-Саяхан “Босуул” нэртэй кино уран сайхны үзлэгт орсон. Үзлэгээр уран бүтээлчид танай кинонд ямар дүн өгсөн бэ?
 
-Уран сайхны үзлэг бол социализмын үед их байсан зүйл. Ийм учраас л алтан үеийн гайхалтай кинонууд үзэгчдийн сэтгэлд мөнхөрч үлдсэн байх гэж боддог. Тиймээс бид киногоо уран сайхны үзлэгт орууллаа. Ер нь үүнээс хойш шинээр хийж байгаа уран бүтээлүүдээ уран сайхны үзлэгт тогтмол оруулж байя гэж бодож байгаа. 
 
Кино урлагийн ахмадууд, шүүмжлэгчдээсээ үг сонсч байх нь чухал юм байна. Бусад уран бүтээлч дүү, найз нар минь ч гэсэн киногоо уран сайхны үзлэгт оруулж, ахмад уран бүтээлчдийнхээ үгийг сонсч байгаасай гэж уриалж байгаа юм. Уран сайхны үзлэгийн үеэр хүмүүс ч их зүйл хэлж байна. Зохиол дээрээ ажиллаж байх үедээ бас үзлэгт орвол сайн гэж байна. Тэгвэл илүү олон санаа, баялаг зүйл гарна гэдгийг хэлж байлаа. 
 
Гэхдээ "Энэ киноноос чинь Монгол “үнэртэж” байна" гэж хэлсэн. Ер нь манай киног шүүсэн хүмүүсийн дийлэнх нь сайшаасан үнэлгээ өгсөн учир бид их урам зориг аваад байгаа. “Босуул" киног "Монголчуудаа бие биеэ хайрлая, бидэнд өнгөрсөнд мартагдсан сайхан зүйл их байгаа" гэдгийг үзэгчдэд ойлгуулахын тулд хийсэн.
 
-Уран сайхны үзлэгийн багт ямар уран бүтээлчид оролцсон бэ?
 
-Ардын жүжигчин, нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, зураглаач Х.Дамдин, найруулагч, зохиолч Д.Төрмөнх, "Ану хатан” киног хийсэн продюсер Д.Болдхуяг, МҮОНТ-ийн захирал Л.Ариунбат мөн бүх кино театрын маркетинг, менежер уран сайхны үзлэгийн багт оролцсон.
 
-Одоо үед кино уран бүтээлчид дуу хөгжимд жүжигчдийнхээ сонголтоос ялгаагүй өндөр ач холбогдол өгч байна. Танай киноны дууг “Харанга” хамтлагийн дуучин,гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн дуулсан. "Хүнээс аваагүй Монгол” хэмээх дуу хэрхэн бүтсэн бэ? 
 
-Энэ дуу их түүхтэй. Хөгжмийн зохиолч Б.Шарав, Яруу найрагч О.Дашбалбар агсан хоёр хамтарч дуу бичээд 1990-ээд оны эхээр "Харанга” хамтлагийнхнаар Дуулуулсан юм билээ. Б.Шарав гуайн цомогт багтсан дуул даа. Үүнийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй байсан юм шиг байна. 
 
Биднийг санаандгүй байхад Дуурийн театрын дуучин манай найз Ч.Батцэнгэл гэж залуу энэ дууг авчирч өгсөн юм. Тэгээд бид сонсоход гоё аялгуу, үгтэй дуу байсан болохоор үнэхээр их таалагдсан. Тэгээд Х.Лхагвасүрэн ахад сонсгоход "Би наад дууг чинь дээр үед дуулж байсан юм байна” гэсэн. Ингээд Б.Шарав ах хөгжмийн зохиолч Г.Ононд "Орчин үеийн хэлбэрт оруулаад маш сайхан олны хүртээл болгосон дуу болгоорой" гэж өгсөн.
 
Х.Лхагвасүрэн ах "Энэ бол шүлгээ магтсан аялгуутай дуу байна” гэж хэлж байсан юм. Ер нь өнгөрсөн үеийн билэг танхай яруу найрагч О.Дашбалбар, өнөө цагийн гайхалтай хөгжмийн зохиолч Б.Шарав, гайхамшигтай дуучин ах Х.Лхагвасүрэн нарынхаа бүтээлийг киноныхоо дуу болгосондоо үнэхээр их баярлаж, бахдаж байгаа.
 
-Монголчууд олон л кино хийх болсон. Энэ дунд сайн нь ч байна, муу нь ч байна. “Босуул”киноны хувьд тэднээс ялгарах онцлог юу байна вэ?
 
-Киноны онцлог гэдэг зүйл хамгийн чухал байна даа. Манайхан Америк, Солонгос, Орос зэрэг олон орны киног дуураж маш олон арилжааны /Commercial/ хийсэн. Ний нуугүй хэлэхэд бид ч гэсэн хийж л байсан. Ингээд бодоход улс орон бүрийн кинонд ялгарах онцлог гэж байгаад байна. 
 
Тэгэхээр манай киноны ялгарах онцлог гэвэл найруулагч, санаа, зохиол, жүжигчид, хөгжим зэрэг нь бүгд монгол юм. Тиймээс бидний киноноос монгол ахуй бага ч гэсэн үнэртэж чадаж буй нь гол онцлог гэж бодож байна. 
 
Манай кино нь одоо гарч буй бусад монгол нэртэй гаднын найруулга, үйл явдал, экшнийг дуурайсан биш цэвэр монгол кино. Хүмүүс үзээд янз бүрээр ярьж, муулж болно. Бид нар эргээд нэг харахад Монголын кино урлагийн шинэ түүхийг бүтээхэд зөвхөн өөрсдийн бүтээлээр жим гаргахыг л хүссэн.
 
-Монголын ахуйг дэлхийд гаргана гэлээ. Үүний тулд ямар зүйл хийх хэрэгтэй байна вэ?
 
-Юун түрүүнд бид кинондоо монгол гэсэн өнгө аяс, имижийг олж авах хэрэгтэй байна. Ер нь орон орны кино имижтэй байдаг шүү дээ. Тухайлбал, Энэтхэг кино дуу бүжиг, хувцас хэрэглэл нь сонин, солонгос кино сунжирсан, америк гэхээр их сүржин байх жишээтэй. Үүнтэй адил монгол киног хүмүүс үзээд монгол гэсэн өнгө аясыг мэдрэх хэрэгтэй. 
 
Миний хувьд монгол киноны гол дүрийн баатар, дүрүүд америк кино шиг ганцаараа зодолдоод дийлэхгүй ч гэсэн ямар жудагтай, ухаантай, хүчтэй, эх оронч байдаг шинжийг харуулбал манай кино дэлхийд гарч чадна гэж боддог. Энэ мэт манай дээд, доод, үе тэнгийнхэн уран бүтээлчид бодож сэтгэж хийсээр байгаад монгол киноны имиж, өнгө төрхийг бий болгож чадна гэж найдаж байна. Одоо бол бид зөвхөн тэр өнгө төрхийг эрж хайж байна.
 
-Та энэ кинонд продюсероор ажилласан. Киногоо үзээд үзэгчийн хувьд ямар үнэлэлт өгсөн бэ?
 
-Киноны эхний үзлэгээр киногоо үзээд "Найзуудаасаа их зүйл нэхсэн л дээ. Энэ кинонд төгсгөл, эхлэлийн хоолой, эффект алга байна" гээд л олон зүйл шаардсан. Харин найзууд маань "Чи ингээд л буцаад Солонгос, Америк киноныхоо хэв маягт ороод, дуурайгаад байна. Тэр хэв маягаасаа сал. Монгол киноны онцлог нь төгсгөлд нь үзэгчдэд өгөх санаа юм” гэсэн. 
 
Тэгээд ч би ойлгоод саяхан киногоо хоёр дахь удаа үзээд Монголын байгаль, ахуй, жүжигчин, хөгжим бүгд нийлэхээрээ ямар сайхан нийцдэг юм бэ гэж дотроо бодсон. Би киногоо өөрөө хийсэн мөртлөө Монгол эх орноо хайрлах сэтгэл надад өөрийн эрхгүй төрж байсан. 
 
Тиймээс манай киног анх удаа үзэх үзэгчдэд маш их таалагдах байх гэсэн урам зоригтой байгаа. Бидний их бардам байгаа ганц зүйл нь бид жижиг шалдар булдар, сэдэв сонгосонгүй, арилжааны кино хийсэнгүй, монгол оронд юу хэрэгтэй байгааг л харуулсан.
 
-Жүжигчин, продюсер Цолмонбаяр хоёрын хооронд ажил үүргийн хувьд ялгаа их байх даа?
 
-Би продюсерын талаар сүртэй судалж, ном, сонин уншаагүй л дээ. Зүгээр харж байхад кино бөгөөд аливаа уран бүтээлд продюсер хамгийн том хүч нь байдаг юм л
даа. Мянга гоё зохиол, найруулагч, жүжигчин байгаад тэр бүтээл мөнгө байхгүй, продюсер байхгүй бол хүнд хүрч чадахгүй.
 
Би фэйсбүүкээрээ нэг үгийг их бичдэг л дээ. Тэр нь юу вэ гэхээр “Кино бол хамтын бүтээл". Найзууд маань ч намайг сүүлдээ явуулаад “Цоомоо нөгөө үгээ бич" гэдэг юм. Тиймээс бүх зүйл нэгдэж байж л сайн уран бүтээл гарна. Гэхдээ бас хэчнээн мөнгөтэй продюсер байлаа гээд сайн баг байхгүй бол сайхан кино гарч чадахгүй. 
 
Санхүүгийн продюсер, Ерөнхий продюсероос гадна урлагийн продюсер гэж тусдаа байх ёстой гэж би боддог. Би бол урлагийн продюсер. Яагаад гэвэл урлагийг ойлгож, мэдэрч байгаа мөнгөтэй тэр буянтай хүмүүстэй би хамтарч ажилладаг. Тэр хүмүүс яагаад буянтай гэхээр тэд мөнгөөрөө машин авч унасангүй, гадаадад аялж тансагласангүй уран бүтээл хийж ард иргэдийг оюуны хоосрол, ядуурлаас салгаж байгаа болохоор тэд буянтай. 
 
Би ийм л хүмүүстэй уулзаж кинондоо багийнхнаа юугаар ч дутаахгүй байх ёстой. Өнөөдөр эргээд харахад олон ажлыг нэг хүн хийх хүчгүй. Кино багийнхан тус тусынхаа хариуцсан ажлаа тултал хийж байж сайн уран бүтээл гардаг гэдгийг энэ олон жилийн хугацаанд ойлгож авсан.
 
-Өнөөдөр орой кино нээлтээ хийнэ. Ямар санагдаж байна вэ?
 
-Би их зүйлийг ойлгож ухаарч байгаа. Манай киног хүмүүс ямраар ч харж, хүлээж авч болно. Бид өнөөдөр “Манай кино гоё сайхан болсон, энэ кино муу болсон" гэж ярих нь чухал биш. Бүтээл хийж байгаа хүн бүр л үзэгчдэд нэг зүйлийг ойлгуулахыг хүсч байгаа. Тиймээс уран бүтээлч хүмүүсийг нийгэм хайрлах хэрэгтэй гэж би боддог.
 
Нэг бүтээл хийсний дараа л утас, фэйсбүүк рүү чинь “Муу сайн авьяасгүй юмнууд" гэх зэргээр мессеж бичдэг. Энэ бол шал хэрэггүй, утгагүй зүйл гэж би боддог. Бид хэрэг хийгээгүй шүү дээ. Чөлөөт уран бүтээлчид бор зүрхээрээ л явж байна. Тэднийг хэн ч дэмждэггүй. Яахав дээ, хийж байгаа бүтээлээрээ л амьдарч байгаа улс. Тэгээд цаг наргүй ажиллана. Гэр орондо харагдахгүй байнгын ажилтай байна. 
 
Үнэндээ бол амьдралдаа зарцуулж чадаагүй их мөнгөөрөө бид уран бүтээл хийдэг. 100, 200, 300 сая төгрөгийг уран бүтээлд зарцуулж байгаа юм. Гэтэл өнөөдрийн бидний бодит амьдрал 600, 700 мянган төгрөгийн лизингийн мөнгөн дээр тогтож байна. Өөрсдийнхөө амьдралд зориулж чадаагүйгээ урлагт зориулж нийгмийг зөөллөж байгаа нь тэр.
 
Нийгмийг ганц зөөллөж байгаа нь урлаг шүү дээ. Нийгэм ядуу, хүнд хэцүү байгаа энэ үед хүмүүс юунаас эрч хүч авч байна вэ. Спортоос эрч хүч, бахархал, урлагийнхнаас уярал зөөлрөл, ухаарлыг авч байна шүү дээ. 
 
Тиймээс урлагийг дэмжигчид илүү олон байгаасай гэж хүсч байна. Бидний анхны уран бүтээлийг ойлгож дэмжиж хөрөнгө оруулалт хийсэн “Алтан дорнод" компанийн Н.Ариунболд ахдаа танай сониноор дамжуулан кино багийнхныхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.
 
-Кинонд их мөнгө зарцуулдаг гэснээс танай кино хэдэн төгрөгөөр бүтсэн бэ?
 
-Түүхэн сэдэвтэй олон жүжигчин оролцсон кино 500, 600 сая төгрөгөөр бүтлээ гэж дуулддаг. Манай киноны хувьд энэ хэмжээнд дөхөж очсон шүү. Гэхдээ яг хэдэн төгрөгөөр бүтлээ гэж яримааргүй байна. Нийгэм хямралтай байгаа энэ үед тэр тийм ч чухал биш болов уу. Ер нь даацтай кино төр, намын оролцоотой юм шиг харагддаг. Харин манай кинонд ямар ч улс төр, нам оролцоогүй гэдгийг хэлмээр байна.
 
-“Босуул” киноныхоо дүрийн шалгаруулалтыг хэрхэн явуулсан бэ?
 
-Бид анхнааасаа киногоороо дамжуулж шинэ дүр төрхийг гаргаж ирэхийг зорьсон. Гол дүрийн эмэгтэй Р.Хишигдэлгэрийн хувьд хүмүүс пиццаны сурталчилгаагаар нь сайн таних байх. Мэргэжлийн бус хүнийг сонгосон. Жүжигчнээ шалгаруулах гээд проб явуулахад Хишигээгээ хараад яг бидний хайж явсан дүр мөн гэж харсан. Киноны маань жүжигчин бүр дүрээ маш сайн амилуулсан. Бид сонголтоо маш зөв хийсэн гэж бодож байгаа.
 
-Залуу уран бүтээлч хүний хувьд өнгөрсөн хугацаанд олон бэрхшээлтэй тулгарч байсан байх. Ер нь тухайн үед тэр бэрхшээлийг хэрхэн давж байв?
 
-Мэдээж уран бүтээл хийж явахад олон бэрхшээл тулгарна. "ТВ коктейль" хамтлаг бий болоод 15 жил болж байна. Ер нь хэтэрхий нэг юм руу яараад тэмүүлж байгаа үед шантрал их. Нэг бүтээл хийе гэхээр мөнгө олдохгүй. Ухантаж байгаад бүтээл хийхээр олигтой болохгүй байх жишээтэй. 
 
Тэгээд гадуур явж байтал нэг хүн "Танай тэр бүтээл жаахан онцгүй болчихсон" гэхээр шууд сэтгэлээр унаад уран бүтээл хийхээ болиод гадаад явчихмаар ч юм шиг санагдаж байсан. Гэхдээ энэ олон шантралыг даваад Монголын урлагт багахан ч гэсэн хүч нэмж яваадаа баярлаж явдаг. Хамгийн аюултай шантарч байсан зүйл гэвэл юм хийгээд байдаг цалин байхгүй, амьдралын хэрэглээ өсчихсөн үе. 
 
Такси барих гэхээр мөнгө байхгүй, автобусанд суугаад гүрийе гэхээр хүн таниад байдаг. Тэгээд л гадаа дулаан бол бид байнга л алхана. Алхаж байхдаа л бүх санаа оноогоо ярилцана. Сүүлд гэр бүлтэй болсны дараа уран бүтээл хийхэд шантрах үе байсан. Яг нэг баяраар л хөдөө гадаа явж таардаг. Тэр үед эхнэр маань ч "Би юу хийчих вэ” гэж бодсон байх гэж боддог байлаа. 
 
Бөөн хурим найр болоод байсан чинь нөхөр нь гэртээ ирдэггүй. Хэцүү хүнтэй суучихсан. Энэ үед ч “Би ер нь яах гээд яваад байна, дэмжиж байгаа хүн ч алга” гэж шантарч байсан. Гэхдээ сүүлд бие биедээ уусна гэгчээр ханьтайгаа хоёулаа хоосон үедээ хоосон, хоолтой үедээ хоолтой болоод л байсан.
 
Жаргал, зовлон аль ч үед хамт байх хүнийг л хань гэх болов уу гэж бодож байна. Одоо бол бүх л юм сайхан байна. Бэрхшээл бүхнийг давахад хань минь, хамтлагийнхан, найз нөхөд минь хамгийн их тусалдаг.
 
-“ТВ коктейль" телевизийн бүтээл хийх болов уу?
 
-Манай хамтлагаас одоо ч гэсэн хүмүүс энэ асуултыг их асуудаг. Бид хүмүүсийн сэтгэлд тийм хүчтэй, тодоор үлдэж чадсан юм шиг байгаа юм. Энэ талаар бодсон зүйл их бий. Бидний нэг гоё мөрөөдөл байгаа. Өөрсдийн гэсэн энтертайнмэнт телевизтэй болох юм. Гэхдээ ямарваа зүйлд цаг хугацаа гэж бий. Бид залуу байна. Бүх мөрөөдөл бидний өмнө бий. Мөрөөдлөө биелүүлнэ гэж бодож явдаг даа.
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж "Монголын үнэн" сонин
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvsgul.MN хариуцлага хүлээхгүй.

( 1 сэтгэгдэл )Сэтгэгдэл бичих хэсэг 

Шинэ мэдээ

“Талх чихэр” ХК “Милл хаус”ХХК-ийн нэрийн барааны цэг Булган аймагт нээлтээ хийнэ6 сар 17. 10:16БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ6 сар 17. 10:14Хүүхдээ яаж “сайн хүн” болгох вэ6 сар 14. 13:01Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно6 сар 14. 12:56Могойн голоос хулгайгаар нүүрс тээвэрлэсэн эсэхийг шалгаж тогтооно6 сар 14. 12:54"Цонжин болдог"-оос илүү жуулчдыг татах Ногоон нуур6 сар 14. 11:59Монгол. Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жилийн ой, "Барилгачдын өдөр 2018" өдөрлөг 9 сарын 7-нд 10:00 цагаас Барилгачдын талбайд болно2018, 9 сар 6. 8:59Худалдаа Хөгжлийн Банкны шөнийн цагаар хийсэн, хууль бус ажиллагаанд 70 орчим залуус, бөхчүүд оролцжээ2018, 7 сар 25. 19:09Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв2018, 7 сар 17. 19:37В.Путин, Д.Трамп нар ямар тохиролцоонд хүрэв?2018, 7 сар 17. 19:32Монголын кино урлаг хүрээгээ тэлсээр...2018, 7 сар 17. 19:27Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 15:35“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа2018, 7 сар 5. 13:31Шанхайн олон улсын кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ2018, 7 сар 5. 12:53Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2018, 7 сар 2. 18:05Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо2018, 7 сар 2. 18:02МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа2018, 7 сар 2. 17:23-ШИНЭ НАЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НААДМЫН ТҮРҮҮ, ҮЗҮҮР ЯРЬДАГ “УВС НУУР” ГАЛЫНХАН-2018, 7 сар 2. 8:57Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ2018, 6 сар 29. 11:28АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ2018, 6 сар 29. 11:13

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © CaakNews.MN 2015 - 2019.